УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцжээ.
Тодруулбал, бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үзэл баримтлалтай холбоотой ажил, УИХ, байнгын хороод, намын бүлгээр хэлэлцэх үед граффикийн тухай асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн тав дахь өдөр буюу энэ сарын 14-ний өдөр МАН-ын удирдлагуудын зүгээс АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгчтэй уулзаж, ойлголцох талаар яриа хийсэн. Үүнийг бүлгийн гишүүдэд мэдээлж ярилцлаа” гэсэн юм.
Мөн “Үндсэн хуульд нэмэлт оруулах төсөл маш том асуудал учраас бүх гишүүд санал нэгдэх хэцүү. Тиймээс олон дахин хуралдаж, ойлголцох хэрэгтэй. Гишүүдийн зүгээс Үндсэн хуульд ийм асуудал тусгамаар байна гэж олон санал тавьсан. Гэхдээ тэр бүхнийг оруулах боломж хязгаарлагдмал байсан. Учир нь “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль”-иар бид 33 хувиас хэтрүүлж болохгүй. Одоогийн бидний өргөн барьсан хуулийн төслөөр 20 гаруй хувийн өөрчлөлт оруулахаар байна” гэв.
Р.Хишигжаргал