Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн нь эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Энэ ч утгаараа ардчилалын салхи сэвэлзсэн он жилүүдээс хойш борооны дараах мөөг шиг улс төрийн намууд олноор байгуулагдсан юм. Тэгвэл монголчууд өнөөдөр дахин нэг улс төрийн намаа "өлгийдөн" авлаа. Тодруулбал, Монгол Шинэчлэлт намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Н.Жамсран нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх энэ сарын 26 буюу өнөөдөр хянан хэлэлцсэн байна.
Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзсэн байна. Тиймээс уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэжээ.
Ингэснээр Монгол Шинэчлэлт нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй 33 дахь нам болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгажээ.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (10)