УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Их тэнгэрт хуралдахаар болжээ. 12.30 цагт товлосон уг хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх бололтой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхтэй холбогдуулж гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллаж, иргэдийн санал бодлыг сонссон юм. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл өгсөн. Тэрбээр “УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал яригдаж байсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуульд парламент, Ерөнхийлөгч, Засгийн газар өөрийнхөө эрх мэдлийг, бүрэн эрхийг сунгах санал гаргах эрх байдаг. Анх Үндсэн хуульд 143 гишүүнтэй байх санал оруулж байсан ч хэлэлцүүлгийн явцад 76 болгосон. Тухайн үеийн хүн амын тоо, бусад зүйлстэй уялдуулж 76 болгосон юм билээ. Хууль боловсруулах явцад холбогдох байгууллагуудаас санал авах үеэр дэмжээгүй.
Иргэдтэй уулзаж байхад хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа зүйл бол шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудал. Шүүгчид итгэх ард түмний итгэл алдарсан байна. Өчигдөр гэхэд ҮАБЗ хуралдаж, эрхээ зөрчсөн 17 шүүгчийг чөлөөлсөн. Энэ шүүгч нарыг түдгэлзүүлж байгаад шалгахгүй бол шүүгчийг шалгах боломжгүй, бүх зүйл хаалттай. Шүүх эрх мэдэл рүү халдсан гэхээс илүү хараат бус, хариуцлагатай байхыг нэмэгдүүлж өгч байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөл бол шүүгч нарыг томилдог гол байгууллага. Нэг институциэс хамааралтай болохоор шүүгч нар хараат бус байна гэж үзэж байгаа юм. Шүүгчийн хариуцлагын хараат бус зөвлөл байгуулагдана. Одоо бол шүүгч нарын хууль бус үйл ажиллагаанд хариуцлага тооцох асуудал бүрхэг байгаа илүү тодотгож, хараат бус зөвлөлд тусад нь авч хэлэлцэнэ. Тус зөвлөл хараат бус гишүүдээс томилогдохоор байгаа юм” хэмээн ярьсан билээ.
С.Сүлд