
Хэрэв АН-ынхан МАН-ын бүлгийг албан ёсоор байгуулахгүй, саналыг нь харгалзахгүй бол зарим нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзана гэдгээ хэлжээ. МАН-ын УИХ дахь гишүүдийг даргалж байгаа Н.Энхболд “УИХ-ын дарга З.Энхболдтой манай намын зарим гишүүн уулзахаар болсон. Тэрхүү уулзалтын дараа асуудлыг хэрхэх эсэх нь тодорхой болох байх. Манай намын зарим нэг гишүүн дээрх саналыг гаргасан нь бий” гэжээ. Тэд энэ саналаа намын удирдлагууддаа ийнхүү аль хэдийн уламжилсан байна. Харин дарга нар нь УИХ-ын дарга З.Энхболдтой уулзаж байж шийднэ гэжээ. УИХ-ын дарга тэдний санал, хүсэлтийг хүлээж авахгүй бол МАН-ын нэлээн хэдэн гишүүн УИХ-аас гарах тийм нөхцөл байдал үүсэх юм. Өмнө нь УИХ-ын гишүүд бүрэн эрхээсээ татгалзаж л байсан. Гэмт хэрэгт холбогдсон, нас барсан гэх зэрэг шалтгаанаар нөхөн сонгууль явуулж байсан тохиолдол манайд цөөнгүй бий. Харин гишүүд олноороо нэгэн зэрэг парламентаас гарч байсан түүх байхгүй. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболдын амнаас унах “алтан” үг энэ улс төрийг хааш нь ч эргүүлж болохдоо тулав.
Сонирхолтой ч юм шиг, харамсалтай ч юм шиг нэг зүйл нь Үндсэн хуулиндаа 76 гишүүнтэй байна гэж заасан парламентаас УИХ-ын гишүүд нь “сүрэг”-ээрээ гарвал чухам яах тухай хууль эрх зүйн орчин Монголд байдаггүй. МАН-ынхан УИХ-ын гишүүний эрхээсээ татгалзсны дараа олон тойрогт дахин нөхөн сонгууль явуулах уу, эсвэл МАН-гүйгээр цааш зүтгэх үү гэдэг нь тодорхойгүй, бүрхэг байх аж. Хэдийгээр ийм “шинэ үзэгдэл” болоогүй байгаа ч улс төрийн хямрал нүүрлэж болох юм шүү гэж учир мэдэх хүмүүс сануулж байна.
Н.Энхбаяр, сайдын эрх мэдэл, дэд сайдын суудал гээд цөөхөн хэдэн хөшүүрэг дээр тогтож байгаа гэх эвслийн Засгийн газрын эвээс нь суларна гэсэн үг. Өөрөөр хэлбэл МАН-ын нулимстай, АН-ын гэдийлттэй улс төрийн хямралын хэм үүснэ. Өмнө нь тохироод, наймаалцаад болоод байсан шигээ төрийн ажлыг гацаачихгүй, хэн хэндээ ашигтай л амьдрахсан.
Т.Гэрэл