Гадаад хэлээр явагддаг олимпиадуудыг зогсоох шийдвэрийг салбарын сайд өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан билээ. Тэгвэл энэ асуудлаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх “Росструдничества” байгууллагын тэргүүн, хатагтай Э.В.Митрофанова тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзах үеэр ярилцсан байна.
Тодруулбал, хатагтай Э.В.Митрофанова ОХУ-д жилд 15.000 гадаад оюутан суралцаж байгаагийн дотор монголчууд бий бөгөөд суралцагчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Анд нөхдөө бид онцгойлон үзэж, ОХУ-д суралцагчдын тоог нэмэгдүүлэх талаар анхаарал тавих болно гэжээ.
Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард БСШУСЯ-наас гадаад хэлээр явагддаг олимпиадуудыг зогсоох шийдвэр гаргасанд харамсаж байгаагаа илэрхийлээд орос хэлний олимпиад цаашид үргэлжлэн явагдаж, Монголын хүүхэд багачуудын орос хэл эзэмших, Оросын ард түмний түүх, соёлыг танин мэдэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, найрамдал нөхөрлөлийн өвийг нандигнан хамгаалахад хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт итгэлтэй байна гэжээ. Үүний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар үүнтэй санал нэг байгаагаа хэлж, орос хэл сурах гэсэн хүүхдүүдийн хүсэл тэмүүлллийг байнга дэмжиж, дээрх асуудлыг онцгойлон анхаарах болно гэжээ. Түүнчлэн Монгол, ОХУ-ын хамтарсан их сургууль байгуулах асуудлаар Эрхүүгийн Байгалийн Их Сургуультай хамтран ажиллаж байгаагаа дуулгасан байна.
Сэтгэгдэл (1)