зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Энхбат: Хойд Солонгосын Үндсэн хуульд нам гэсэн үг хоёрхон харагдсан

2019-9-10
0
ЖИРГЭХ

Философийн ухааны дэд эрдэмтэн Ч.Энхбаттай ярилцлаа.


Эрдэмтэн Ч.Энхбат

-1992 онд баталсан Үндсэн хуулийг хүмүүнлэг, иргэний ардчилсан гэж тодотгодог. Нөгөөтэйгүүр, нэг намынхаас олон намын тогтолцоо руу шилжсэн нь Үндсэн хуулийн онцлог гэдэг. Судлаач хүний хувьд 1992 оны Үндсэн хуулийн бусад орноос ялгарах онцлог нь юу байна вэ?

-За энэ асуултад холбоотой ярихаас өмнө нэг зүйлийг онцлох хэрэгтэй байх. Яагаад Үндсэн хууль гэх ойлголт гарав аа?  Одоогоор мэдэгдэж байгаа анхны Үндсэн хуулийн тухайд Англи улсаас эхэлж ярьдаг. 1200-гаад оны эхээр иргэдийн эрх дарх, ямба хэмжээг тогтоосон “Magna Charta” гэдэг тунхаг ч юм уу зарлаг ч юм уу нийтээр сахих хэм хэмжээ боловсрогдож түүнийг хаан Жон нь 1215 онд зөвшөөрсөн байна. Тэр нь өнөөг хүртэл хуулийн хүчтэйгээр уламжлагдан мөрдөгддөг юм байна. Тэр дотор нь хүмүүсийн өдөр тутмын үйлдлийг ч зохицуулсан зүйл зөндөө. Дараа нь Сан Марино гээд улс 1600 онд Үндсэн хууль гэсэн баримт бичигтэй болж.  Түүнээс хойш АНУ 1787 онд, дараалаад Европын улс орнууд Үндсэн хуультай болоод явж. XIX зуунд Европын орнууд үндсэндээ нийтээрээ Үндсэн хуультай болчихсон байна. Тэдний жишгээр Азийн орнууд ч явж. Арга ч үгүй шүү дээ, 18, за 19 – р зуунд Европын орнуудын тээвэр, зэр зэвсэг ихэд хүчирхэгжиж, нөлөө нь дэлхийг дагуулж дээ. Монгол маань гүрэн улс байхдаа “Их засаг” гээд Үндсэн хуультай байсан тухай ярьдаг. “Их засаг” маань тэр цагийн гадаад орнуудын Үндсэн хуультай хэр нийцэхээр болохыг хуулийн түүх судлаачид тодруулбал сонин л байх даа. Би чинь хуульч биш, түүх ч биш болохоор илүү юу хэлэх вэ.     

-Үндсэн хуулиа баталж, гаргах нь цаг үеийн шаардлага шалтгаан байсан байх?

-Европын орнууд, ялангуяа АНУ-ын Үндсэн хуулийн тухай ойлголт, Үндсэн хуультай болох зорилго нь ерөөсөө л хааныхаа хэмжээгүй эрх дархыг хязгаарлах, улмаар Хаант засаглалыг халах тэмцэл гэх үү хувьсгал гэх үү өрнөл байж. Хаант засаглалд улс орны харилцааг зохицуулах дүрэм журам, ажил хэргийг гүйцэтгэн явуулах, зөв бурууг ялгах, шийтгэх бүх эрх мэдэл нь хааны гарт төвлөрдөг. Хааны шийдвэр зөв ч бай, буруу ч бай эцсийн шийдвэр, түүнийг гүйцэтгүүлэх эсэх нь ч мөнөөх хааны эрх. Тийм нийгмээ өөрчлөх, илүү сайныг бий болгох өөрчлөлт хийх, өөрчлөлтийг баталгаажуулж, нийт даяар мөрддөг болох мөрөөдлийн үзүүр нь Үндсэн хууль болсон хэрэг юм уу даа. Үндсэн хуулийн агуулга нь эзэн хаанаас  тусдаа улс орныхоо харилцааг зохицуулах хууль дүрэм журмыг хэлэлцэн бэлдэж батладаг алба буюу Парлиамент, уг албанаас гаргасан хууль дүрмийг хэрэгжүүлэн гүйцэтгэдэг өөр алба буюу Засгийн газар, нэгэнт тогтоосон хууль дүрмийг улс даяар нийтээр мөрдүүлэн буруу зөвийн үйлдлийг ялган шүүн ялгах, бурууг яллах бас нэг тусдаа алба буюу Шүүх бий болгон тухайн төрт ёсондоо баталгаажуулан мөрдүүлэх явдал байж. Хаан хэмээх нэг хүний эрх хэмжээгүй эрх мэдлийг халж, улсынхаа иргэдийн эрх мэдлийг цоо шинээр тогтоож ард олны засаглал бүрдүүлсэн хэрэг юм. Тийн тэмцэл хувьсгал өрнөх үед эзэн хаан нь эсэргүүцэн тэмцэж, улмаар ард олондоо баригдаж хоригдож хөнөөгдсөн улс орон ч байх, бас эзэн хаан нь улс орноо Үндсэн хуультай болгоё гээд идэвхийлж хөдлөн улс орноо Үндсэн хуульт улс болгосон газар ч олон. Улсын дээд эрх мэдэлд үе залгамжилсан эзэн хаан нь өөрийн төлөөний хүмүүстэй, төрийн хэрэгт эзэн хаан нь оролцдог ч улс цөөнгүй байдгийн учир нь тэр юм даа. Жишээ нь, Английн парламентад Хатан хааных нь томилсон хүмүүс сууж л байдаг. Лордууд гээд.

-Тэгэхээр Үндсэн хууль бүр өөрийн гэсэн онцлог ач холбогдолтой байж таарах нь?

-Арга ч үгүй биз, улс орон бүр өөр өөр, дээр нь тухайн улсын эзэн хаад өөр өөр шүү дээ. Жишээ нь АНУ - ын Үндсэн хууль  Европын орнуудынхаас арай өвөрмөц. Учир нь, америк нутгийн овгийн гэхээр зохион байгуулалттай хүмүүсийн төдийгүй хаант засаглалт Англи, Франц, Португали гэхчилэн олон орноос гараад өөр тивд суурьшсан хаант засагт дургүй хүмүүсийн ч, амьжиргаа хөөж шинэ нутагт очсон хүмүүсийн ч улс шүү дээ. Тэндэхийн нутаг дэвсгэрт Хаант засаг гэж байсангүй.

Тэгэхээр уугуул иргэдтэй нутаг булаалдан үзэлцэж, бас хаант засгаа америк тивдээ үргэлжлүүлэн хэрэглэх гэсэн талынхантай тэмцэлдэж цус ч их урсгасан нь ч түүх, хэн хүнгүй хэлцэж зөвшилцөж эцэст нь хүлээн зөвшөөрөлцөж Үндсэн хуультай улс байгуулсан нь ч түүх нь юм даа. 

Монгол Улсын хувьд Манжийн эрхшээлээс гарч хэмжээгүй эрхт Богд эзэн хаант засагтай улс болсон. Яг хэнийг гэж би нэрлэж мэдэхгүй юм, гэхдээ тэр үеийнхэн Үндсэн хуулийн талаар сонирхож байж. Франц гэх зэрэг зарим улсын Үндсэн хуулийг орчуулчихсан, Японыг сонирхож байсан бололтой. VIII Богд дэвшилтэд үзэлтэй байсан гэдэг. Үндсэн хуультай болох эсэх талаар чухам ямар бодолтой байсныг түүхчид хэлэх биз дээ. Төвд орноос хүүхэд байхдаа залагдан Монголын Шашины тэргүүн болсон хүн шинэ тутам 1911 оны эцэст  хэмжээгүй эрхт эзэн хаанаар өргөмжлөгдөөд удалгүй эрх хэмжээгээ хязгаарлуулах Үндсэн хууль судалж байсан бол сонин л юм даа. 

Монгол Улсын хувьд Зөвлөлт Орос Улсын нөлөө, тусламжтайгаар 1921 оны дундаас шинэ, Ардын засагтай болсон. Шинэ засаг Богд хаантай  тангаргийн гэрээ байгуулсан. Энэ гэрээ тун чухал баримт бичиг. Уг бичигт Богдын эзэн хааны төрийн хэргийг эрхлэх эрх ямбыг халж авч, зөвхөн шашны хэргийг эрхлэн явуулах эрхийг нь үлдээсэн байдаг. Хаант засагтай өөр оронд бас тийм зохицуулалт байсан юм болов уу, цаг үеийг нарийн мэдэрсэн хууль юм даа. Ардын Засгийн газрын хувьд Богдыг дагах шавь нар их учраас ингэж гэрээ хийхээс өөр аргагүй байсан биз. Орос оронд бол большевик засаг эрх барих болсноосоо хойш их удалгүй эзэн хаанаа барьж аваад буудчихсан шүү дээ. 1924 оны хавар Богд насан эцэслэсэн.  

Манай улсын хувьд 1924 оны зуны эхнээс Үндсэн хуультай болох ажил өрнөсөн байдаг. Мөнөөх 1924 оны нэгдүгээр сард ЗХУ–ын Үндсэн хууль батлагдчихсан байж байгаа шүү дээ. ЗХУ – ын тэр Үндсэн хууль бол 1917 онд Оросод Октябрийн хувьсгал гарч ангич үзэл буюу пролетарийн диктатур ноёрхох урд өмнө байгаагүй нийгмийн эрс өөр, шинэ тогтолцоог буй болгон бататгах Үндсэн хууль байж шүү дээ. Нийгмийн тэр эргэлт нь Үндсэн хуулиудын түүхэнд ч бас эргэлт оруулсан байдаг. Энэ талаар сонирхох бол 1924 оны эхээр батлагдсан болон түүнээс хойшхи 1936, 1977 онуудын ЗХУ – ын Үндсэн хуулиуд, 1940 оны сүүл үеэс 1990 он хүртэлх социалист орнууд гэгдэж байсан улсуудын Үндсэн хуулиудыг сайтар үзэх хэрэгтэй.

Манай 1924 оны Үндсэн хууль бэлтгэгдэх ажил гадаадын сургагч, зөвлөхүүдийн оролцоотой явсан.

-Гаднынхан гэдэг нь тухайн ЗХУ-ыг хэлж байна уу?

-Тэндээс ирсэн хүмүүс. Тэгэхээс ч өөр аргагүй байсан биз. Гадаад улс нөлөөтэй байяа гэвэл болж өгвөл бүх л хүрээнд нөлөөтэй байхыг хичээх нь аргагүй шүү дээ. Тийм учраас агуулга нь ерөнхийдөө ЗХУ-ын Үндсэн хуулийн агуулгыг Монголын ахуй орчин, цаг үед нийцүүлсэн төрхтэй Үндсэн хууль болсон биз ээ. Буруутгах ч аргагүй шүү дээ, цаг үе нь хатуу байсан.

-Анхдугаар Үндсэн хуулийг баталснаас хойш 1940, 1960, 1992 гээд явсан. Эдгээрийг онцлог, хэв шинж нь яг юундаа оршиж байсан юм бол?

-Бусад орны хувьд тогтолцоо нь хэвээрээ мөртлөө нэмэлт ороод явдаг. АНУ-ын Үндсэн хууль гэхэд батлагдчихаад зөвхөн нэмэлт хийж явсаар ирсэн. Бусад орны тухайд ч Үндсэн хуулиа өөрчлөөгүй байдаг. Манай Үндсэн хуулийн хувьд бас ч давуу талуудтай байжээ. Тэр дундаа тэгш эрхийн олон зохицуулалт 1924 оны анхны Үндсэн хуулиас өгсүүлээд бүгдэд бий шүү.  Эмэгтэйчүүд нь тайж угсаа гаралтай, бусдыг мөлжиж амьдрагч бус л бол төрийн сонгуульд нэр дэвшин сонгогдох, сонгох тэгш эрхтэйгээрээ бусад олон орныхоос үнэхээр давуутай байж. Хүйс, арьсны өнгө гээд өөр олон зүйлээр хүн ам нь ялгаварлагддаг улс сүүлд хүртэл байсаар байлаа шүү дээ. 1992 он хүртэлх Үндсэн хуулиудад цааш уламжлан шинэ Үндсэн хуулийн суурь болгоод хэрэглэгдээд явж болох, одоо цагийн ардчилалд онц харшлаад байхаагүй заалт цөөнгүй байсан юм шүү.

1992 оны Үндсэн хуульд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон байгуулах чухаг зорилт бий. Түүний хүмүүнлэг гэдэг нь ч, иргэний гэдэг нь ч, ардчилсан гэдэг нь ч Монгол нутагт маань өнгөрсөн 30 шахам жилд хэрхэн бүрдчихээд байна вэ гээд харахад миний хувьд сэтгэл хангалуун байдаггүй дээ.

-Жишээ нь?

-Жишээ нь, манай Үндсэн хуулийн хүмүүнлэг гэдэг нь юу гэсэн үг юм гэдгийг бодох хэрэгтэй. Хүмүүнлэг гэдэгт хүн бүр бие биедээ энэрэлт, нөхөрсөг, за бүр ах дүүсэг байна гэсэн агуулга байдаг. Хүн төдийгүй амьтай бүхэнд ч хамааралтай зүйл гэж ойлгогддог. Гэтэл тийм харилцаа манайд гэхээсээ илүү бидний хооронд бүрэлдэв үү? Төлөвшив үү? Өдөр тутмын харилцаа болж тогтов уу? Та өөртөө ядаж дотроо хариул даа. Тийм гээд хариулах хүн хэр олон гарах бол.

Дараа нь. Иргэний нийгэм болж чадсан уу Монгол орон маань? Иргэн төвтэй засаглалтай юу бид? Бас ядаж дотроо хариул даа. Иргэн хүн нийгэмтэйгээ, засаг төртэйгээ тэгш харилцаж чадаж байна уу?  Та төрийн байгууллагад хандахдаа төрийн аль ч байгууллага, албан тушаалтан надтай болон бусадтай тэгш харилцана гэдэгт бүрэн итгэлтэй байдаг уу? Та хамаатан садан, нутгийнхан, ангийнхан, ядаж нэг намын хүндээ л найдаж ханддаг юм биш биз? Иргэдийн хооронд тэгш бус байдал байна уу? Та засгийн эрх барьж байгаа намыг л барааддаг юм биш биз? Тэднийг л бараадвал ажил, амьдралаа арай амар авч явж болно гэж боддог юм биш биз?

Энэчилэн олон асуултын хариу манайд Үндсэн хууль маань хэрхэн хэрэгжиж байгаа, иргэд Үндсэн хуулиа хэрэглээ болгож байгаа эсэхийг харуулах нь зүй. Үндсэн хууль бол тунхаг биш хэрэглээ, бүр бодит хэрэглээ болсон байх нь л хүний, иргэдийн үнэлгээ юм  уу даа. 

-Одоо УИХ – аар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал ид хэлэлцэгдэж байна. Та энэ талаар юу бодож байна вэ?

УИХ – ын чуулганы хуралдааныг зурагтаар л харах юм даа. Өөрчлөлт оруулж болдоггүй Үндсэн хууль гэж байдаггүй байх, би тийм заалттай Үндсэн хууль мэдэхгүй юм даа. Харин Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар манайхаас арай өөр зохицуулалттай орнууд байдаг юм билээ. Жишээ нь Үндсэн хуулийн тийм тийм заалтад өөрчлөлт оруулж болохгүй гэсэн Үндсэн хууль байх нь таарсан. Хүний болон иргэний эрхийг танаж хасахыг хорьдог бололтой юм. Манайд одоо хэлэлцэж байгаатай холбоотойгоос нь дурьдвал Үндсэн хуулиндаа парламентийн сонгуулийн тогтолцоогоо тухайлан нэрлэчихээд түүнийг нь өөрчилж болохгүй гэчихсэн байдаг. Би хувьдаа авууштай эд гэж боддог. Манайх шиг УИХ–ын 7–хон л сонгууль явуулсан, тэр сонгууль болгоныхоо араас ”тогтолцоо буруугаас бид олигтой санал авсангүй, сая бид бага санал авсан тогтолцоо чинь хамгийн хэрэггүй нь” гэсээр 2020 оны хаврыг хүлээж суугаа 30 гаруй намтай оронд тун хэрэгтэй санагдана. Сонгуулиар аль ч нам олонх болмогц “сайн тогтолцоо”, олонх болоогүй бол “муухай тогтолцоо” гэхээ болих төдийгүй олонх болоогүй нам нь дараагийн сонгуульд хэрхэн оролцох арга замаа онож тодорхойлоход ч хялбар баймаар. Манай өнөөгийн богинохон түүх хүртэл “цөөнх болдоггүй нам гэж байхгүй шүү” гэж анхааруулаад байна шүү дээ. Сонгуулийн тогтолцоог УИХ - д олонх болсон нам нь дангаараа эсвэл эвсээд өөрт ашигтай гэж тооцсон хувилбараар өөрчилж болдог зохицуулалт хэнд хэрэгтэй юм бэ. Бүгдэд тэгш үйлчлэх тогтвортой зохицуулалт л чухаг юм биш үү?  Намуудын тэгш байдал бодитоор хангагдах юм биш үү?

Дараагийн санаа бол УИХ – ын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой юм даа. Энэ тухайд манайд зохицуулалтууд бий. Гэхдээ миний бодлоор “төрийн эрх мэдэл ард түмний гарт” гэдгээс арай зайтай санагдаад байдаг. УИХ – ын гишүүнийг сонгогч иргэд сонгуульд өгсөн саналаараа л сонгодог, томилдог. “За” гэсэн бол “Үгүй” гэх тэр сонгогчдод л байх ёстой гэж бодогдоод байгаа юм. УИХ – ын гишүүнтэй холбоотой эргүүлэн татмаар ч юм шиг тохиол эрх бүхий байгууллагад бүртгэгдлээ, эсвэл сонгогчид итгэл алдлаа гэж хэлцэх болбол нийт сонгогчдоос тухайн асуудлыг нь авч үзэх хэрэгтэй гэсэн асуултаар гарын үсэг цуглуулна, тухайн УИХ – ын гишүүн тойрогтоо авсан нийт саналын тооны 50% + 1 тооны санал  бүрдвэл тухайн тойрогт эргүүлэн татах сонгууль явуулж шийдвэрлэх бүрэн боломж бий. Чингэснээр УИХ – ын гишүүн нь эрхэлсэн ажилдаа төдийгүй сонгогчдын эрх ашигт хандах хандлага өөрчлөгдөнө, УИХ, эсвэл өөр аль нэг байгууллага УИХ – ын гишүүнийг эргүүлэн татах механизм тодорхой болох болов уу. Гэхдээ дээрх зохицуулалт сонгуулийн мэжиротори тогтолцоонд л нийцэхээрээ учир дутагдалтай. 

Төрийн албыг тогтвортой байлгах тухайд бол Үндсэн хуулиндаа Засгийн газрын бүтэц, ялангуяа яамдыг нэрээр нь тогтоогоод өгчихвөл сонгууль болгоны дараа, Засгийн газар солигдох, тэр ч атугай сайд өөрчлөгдөх бүрийд яам, захиргааны байгууллагуудын нэрийг сольж бүтцийн өөрчлөлт гэдэг зүйл хийж төрийн алба, төрийн албан хаагчдаас халахыг халж, авахаа авч бужигнуулдаг ужиг тун багасах нь баараггүй.

Яам, байгууллагын нэрийг БНМАУ – ын Үндсэн хуулиудад заагаад өгчихсөн байдаг уламжлал манайд ч бий, бусад  улс орон сураглаад байхааргүй олон. Яамханыг төдийгүй аймгуудаа урд өмнөх Үндсэн хуулиуд шиг нэр заагаад одоогийн Үндсэн хуулиндаа оруулчихмаар л байгаа юм. Аймаг, хот, яам байгууллага байгуулах, татан буулгах нь нийтийг хамарсан, улсын хэмжээний зохицуулалт баймаар.

Манай Үндсэн хуулинд хүний эрхийн, бүр тодорхой хэлбэл иргэдийн эдийн засгийн эрх, эрх чөлөө, өмчлөх эрх, түүний зохицуулалт, хамгаалалт арай илүү дэлгэрэнгүй, тодорхой баймаар юм билээ. Монголчуудын хувьд дийлэнх ядуу буурай байсан, 1960 он гэхэд нийтээрээ хувийн өмчгүй, аминдаа хэрэглээний зүйлээс хэтрэхгүй өмчтэй байж болох харилцаанд орчихсон байснаас үндсэндээ уламжлалт хувийн өмчийн талаар мэдэх ч үгүй явсаар 1992 оны Үндсэн хуультай золгосон. Ардчилал бол хүмүүс хувийн өмчтэй баймааж хөгжих нийгэм гэх болж төр нь ч, нэгдэл хоршоо нь ч өмчөө иргэддээ элдэв янзаар, элдэв хэмжээгээр тараасан. Тэр үед бидэнтэй ижил социалист гэгдэж байсан улсууд бас улсын өмчийг хувьд шилжүүлж л байсан, иргэддээ шилжүүлэхдээ янз бүрийн агуулга, хэлбэрийг хэрэглэсэн юм билээ. Үйлдвэр, нэгдлийн дарга, даамал, улсын банкны захирал, тэднийг таньдагууд нь улсын мөнгөний зээл авч нь улсын өмчийн “өрмийг нь шингэн сүүтэй” нь аваад хусмыг нь бусдад үлдээсэн шиг болоогүй орон дийлэнх юм байна. БНАГУ гэхэд л зөвхөн үзвэр, үйлчилгээний жижиг газрууд, жижигхэн гар үйлдвэрийн цех, гуанз, гутал, цаг засвар, оёдол, худалдааны лангуу зэргийг тэдгээрийг ажиллуулж байсан хүмүүст нь тухайн үйлдвэр, үйлчилгээгээ өөрчилж болохгүй, тодорхой хугацаанд бусдад зарж үрж болохгүй гэхчилэн олон заалт бүхий гэрээтэйгээр өмч болгон шилжүүлсэн байдаг. Томоохон үйлдвэр завод, хөдөө аж ахуйн газруудыг гагцхүү гадаадын хөрөнгө оруулах гэсэн хөрөнгөтнүүдэд гадаад руу ачаад явж болохгүй, тоног төхөөрөмжийг нь түүхий эдэд өгөх бол зөвшөөрөл авах ч билэв үү бас олон янзын нөхцөл болзол бүхий гэрээтэйгээр дуудлага худалдаа явуулж өндөр үнээр зарсан байдаг. Хувийн өмчийн уламжлалтай, мэдлэгтэй орнууд “социализмыг халаад” өмч хувьчлалаар иргэдээ өмчтэй болгох талаар тийн ажилласнаар иргэд нь ажилтай, орлоготой хэвээрээ төдийгүй өмчтэй болсон байна.

Манайд хувийн өмчийн талаар 1990-ээд оны эхээр ч тэр одоо ч ялгаагүй  иргэд төдийгүй төр маань ч тов хийсэн мэдлэгтэй, бодлоготой, төлөвлөгөөтэй гэх болоогүй юм уу даа. Зах зээлийн харилцаат нийгмийн эдийн засаг, түүний хөгжлийг жолоодох талаар Үндсэн хуулинд маань юу юу байгаа билээ? Энд богинохон дурсамж оруулъя. 2003 оны хавар цаг. НҮБ – ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр боловсруулах төсөл хэрэгжүүлж, уг төсөлд миний бие хүний эрхийн шинжээчээр, Бираагийн Чимид гуай зөвлөхөөр ажиллаад жил гаруй болчихсон, мөнөөх Үндэсний хөтөлбөрөө нилээн ахиулчихаад, намар нь УИХ – д оруулж хэлэлцүүлээд батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байсан үе. Хүний эрхийн нэг хэсэг болох хүний өмчлөх эрхийн талаар Монгол улс юу хийхийг бичих гээд л тэвдэж байсан цаг. 2001 онд хүний эрхийн судалгааг бүх аймагт олон хүн хамруулан хийчихсэн, гайгүй баримт материалтай болсон байв. Тэгсэн хэрнээ өмчлөх эрхийн талаар олигтой судалгаа материал олддоггүй ээ. Хөтөлбөр боловсруулах олон гишүүн ажиллаж овоо цаастай болчихсон, Чимид гуай бид 2 ерөнхийдөө эцэслэх үүрэгтэй үлдсэн байсан юм. Нэг орой өрөөндөө ярьж суутал Чимид гуай “Бид Үндсэн хуулийн эх бэлдэж суухад эдийн засгийн хэсэгт оруулах юм олддоггүй. Би чинь эдийн засгийн хүн биш, эдийн засаг гадарлах хэд маань хувийн өмчит нийгмийн эдийн засагт паг болчихоод хэцүүхэн хэд хонож билээ” гэж байж билээ. Тэр Хүний эрхийн хөтөлбөр ч бас хүний өмчлөх эрхийн хувьд бас гундуухан болсон доо. 

Одоо цаг өөр болсон, энэ нийгэмдээ нийцэх эдийн засгийн оновчтой зохицуулалтын суурийг Үндсэн хуулинд нэмээд суулгачих мэрэгшсэн хүн олноор бий болсон буй заа.

Ер нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл нь юу байх вэ гэдгийг тухайлан тогтоох нь зүйтэй байх аа. Манайд яаж өөрчлөлт оруулах вэ гэдэг дэг журам бол бий.

Үндсэн хуулийн хэрэгжилтийг хэлэлцэж, үнэлж дүгнэж байх ажил хийгдэх байх ёстой болов уу. Хэрэв хийгдэх ёстой бол Үндсэн хуулийнхаа бүх заалтыг задлаж, тодорхойлон тогтоох ажил хийгдээд улмаар юу хийгдсэн, юу хийгдээгүй, юу дутуу, юу илүү, юу манайд боломжгүй, эсвэл нийцгүй зэргийг гаргадаг үүрэг бүхий байгууллага баймаар. Тийм үүрэг  Үндсэн хуулийн цэцэд ногдож болох юм. Тийм хөндлөнгийн шинжилгээ, үнэлгээний тусгай үүрэг бүхий байгууллага байхгүйгээр Үндсэн хуулинд нэмэлт, эсвэл өөрчлөлт оруулах нь цаг зуурын явдал, субъектив хандлагын үр дагавар байх вий гэсэн болгоомжлол эрхгүй төрүүлэх нь зүй.

Үндсэн хуультай холбогдуулан өөр нэг зүйл хэлье. Би агуулга ярихгүйгээр үг хөврүүлье дээ. Гадаад орнуудын Үндсэн хуулиудыг харж байхад улс төрийн намуудын талаар үг тун цөөхөн байх юм. “Нам” гэсэн үг ер байхгүй Үндсэн хууль таарч л байлаа. “Нам” гэдэг ойлголт Үндсэн хуулиудад иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх хэсэгт л гол төлөв таарах юм. Манай Үндсэн хуулиуд “нам” гэдэг үг олонтой. Манай өмнөх Үндсэн хуулиуд ЗХУ-ын Үндсэн хуулиудын маягтай болохоороо түүн дотор намын талаар их орчихсон байсан байх даа. Өнөөгийн Үндсэн хуулинд “нам” гэсэн үг 10 гаруй бий. Гэтэл БНАСАУ – ын, за бид Хойд Солонгос гэдэг дээ, “нам” “удирдагч” гэсэн үгээр бялхсан баймаар улсын Үндсэн хуульд “нам” гэдэг үг хоёрхон харагдсан.

Ер нь үг, тоо чинь агуулга болчих гээд байдаг, бодмоор зүйл шүү дээ. Манай улс нам гэдэг бүлэгт мэдүүлсэн улс гэж харагдах вий гэж болгоомжилж үүнийг өгүүлж байгаа юм аа. Манайд нам нь парламентаа ч байгуулна, ерөнхийлөгчөө ч сонгоно, за Засгийн газрыг бол гарцаагүй байгуулна, шүүх, прокурор, цэрэг, цагдаа, багш, эмч, орон нутгийн байгууллагын удирдлага,  аягүй бол лам хувраг нараа ч яах нь холгүй болчихсон тогтолцоог авч яваад л байна шүү дээ. “Нам л ажил, орлоготой, амьдралтай болгоно” гэх нь холгүй болоод байна. Хүн амын насанд хүрэгчдийн бараг тал нь нам дагадаг байх аа. Тэдний дийлэнх нь УИХ – д олонх болсон намын, эсвэл ерөнхийлөгчтэй, эсвэл  суудалтай намынхан биз. Энэ бүхэн Үндсэн хуулиас болдог гэх аргагүй хэдий ч Үндсэн хууль маань “нам”–ыг “олон газар байрлуулж” байгаатай уялдаж мэдэх юм. Хэрэв Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах болоод эцэсийн найруулга хийх бол зарим газраас нь “нам” гэсэн үгийг хөдөлгөөд “органик” хууль” гэдэг рүү нүүлгэж болмоор санагддаг.

Эцэст өгүүлэхэд:  Аль ч улсын Үндсэн хуульд парламент нь хууль тогтоох байгууллага гэж тодорхойлогдон үүрэгжиж, эрхждэг байна. Парламент нь Төрийн эрх барих дээд байгууллага гэсэн байр суурь улс орнуудад өөр өөр. Манай УИХ төрийн эрх барьдаг дээд байгууллага бөгөөд Үндсэн хуулийн дагуу хууль тогтоох эрхтэйгээр Үндсэн хуулинд тогтоогдсон  байгууллага.

Үндсэн хуулиудын түүхийг ажиж байхад нийгмийн гэх юм уу төрийн гэх юм уу тогтолцоог хувьсган өөрчилсөн бүлэг, хүчин өөрийн эрх мэдэл, ашиг сонирхлоо төрд тогтоох эрмэлзлээр тунхаг, зарлиг, лүндэн зэрэг гаргаж Үндсэн хууль гэж орчуулж болох маягаар тулган мөрдүүлж ирж. Уг Үндсэн хуульд нийцүүлэн хууль шийдвэр гаргаж байх үүрэгтэй парламент бусад байгууллагын хамтаар байгуулагдан тус тусын үүрэг дор ажил алба гүйцэтгэж ирсэн байдаг. Эндээс парламент нь Үндсэн хуулийг өөрчлөх эрхтэй юу гэсэн логик асуулт эрхгүй гардаг, хариулт янз бүр л байх шиг байдаг. Манай УИХ өөртөө ийм эрх бий гэж үзэж 2001 онд Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт хийсэн. Одоо бас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл хэлэлцэж байна. Гэхдээ ард нийтээс “ийм нэмэлт өөрчлөлт” оруулахыг зөвшөөрөх үү гэж асуухаар шийдвэрлэж байх шиг байна. Үүнийг ард нийтээрээ хэрхэн шийдэх ёстой вэ? Үүний хариултыг гагцхүү иргэн Та өөрөө өөртөө хариулах бүрэн эрхтэй. Энэ нь ардчилсан Үндсэн хуулийн нэг өгөөж юм.           

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүрэн баавгай болон Шивэр хандгайг агнан бусдад зарж борлуулах гэж байсан гэмт хэргийг илрүүлжээ
"Хуулиа мөрдье" нэгдсэн арга хэмжээг орон даяар эхлүүллээ
Г.Пүрэвдэлгэр: Хэвлэн нийтлэхтэй холбоотой гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй
Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газартай уулзалт зохион байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын спортын их гэр бүлд давтагдашгүй оюуны бүтээл мэндэллээ
    11 цаг 8 мин
  • ЖҮДО: "Астанагийн их дуулга" тэмцээний хоёр дахь өдрийн дараах байдлаар Монгол Улс 13-р байрт бичигдэж байна
    11 цаг 26 мин
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
    11 цаг 51 мин
  • Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна
    12 цаг 27 мин
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
    16 цаг 21 мин
  • NBA-ийн аварга цолыг хүртэж үзээгүй таван агуу сагсан бөмбөгчид
    16 цаг 31 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    16 цаг 46 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    16 цаг 54 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    17 цаг 6 мин
  • Дугуйтай өдөрлөгтэй холбоотойгоор автобусны 42 чиглэлд өөрчлөлт оруулжээ
    Уржигдар 11 цаг 57 мин
  • Хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй
    Уржигдар 11 цаг 41 мин
  • Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана
    Уржигдар 11 цаг 33 мин
  • "Дугуйтай Улаанбаатар – 2025" өдөрлөг тохиож байна
    Уржигдар 11 цаг 30 мин
  • Амралтын өдрийн жор: Алфредо паста
    Уржигдар 11 цаг 21 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
    Уржигдар 11 цаг 17 мин
  • Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 06 мин
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
    2025-05-09
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
    2025-05-09
  • Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
    2025-05-09
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК