УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 25 гишүүн энэ сарын 11-нд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Тодруулдбал, 2017 оны долдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “24 бог, 8 бодоос дээш тооны мал хулгайлсан бол 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байсан.
Өөрөөр хэлбэл, 24 бог, 8 бодоос цөөн тооны мал хулгайлсан тохиолдолд хөнгөн хэлбэрийн хариуцлага хүлээдэг байсан юм.
Тиймээс 5 бог, 1 бодоос олон тооны мал хулгайлсан тохиолдолд Эрүүгийн хуулиар хүндрүүлэх нөхцөлтэй хэмээн үзэж, ял оноохоор хуулийн төсөлд тусгасан байсныг чуулганы хуралдаанаар гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 25 гишүүний өргөн барьсан уг хуультай ижил хуулийн төслийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа мөн өргөн мэдүүлээд байсан. Тэгвэл анхны хэлэлцүүлгийн явцад уг хоёр төслийг нэгтгэх юм байна.
Г.Нацаг
Сэтгэгдэл (1)