Японы Осака хотноо наймдугаар сарын 29-31-ны хооронд өсвөр үеийнхний
ширээний теннисний Зүүн Азийн XXI дэх удаагийн тэмцээн болж, манай
тамирчид багаараа зургаадугаар байрт шалгарлаа.

Японы Осака хотноо наймдугаар сарын 29-31-ны хооронд өсвөр үеийнхний ширээний теннисний Зүүн Азийн XXI дэх удаагийн тэмцээн болж, манай тамирчид багаараа зургаадугаар байрт шалгарлаа. Монгол Улсыг төлөөлж, тус тэмцээнд өсвөр үеийн улсын аварга шалгаруулах болон бусад сонгон шалгаруулалтын тэмцээнээс шалгарсан шилдэг эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцсон байна. Багийн ахлагчаар Д.Батжаргал, дасгалжуулагчаар Говь-Сүмбэр аймгийн багш Д.Ганбаатар нар ажиллажээ.
Тус тэмцээнд Зүүн Азийн 220 орчим өсвөрийн тамирчин, 50-аад дасгалжуулагч оролцсон байна. Багийн төрөлд БНХАУ, БНСУ, Япон, Тайвань, Хонконг, Макао зэрэг 12 орны баг оролцсоноос БНХАУ, Япон, БНСУ-ын баг тамирчид тэргүүлсэн юм. Мөн хөвгүүдийн ганцаарчилсан төрөлд 52 тамирчин оролцсоноос “Оч” клубын тамирчин Н.Цэнд-Очир, “Шинэ-Эргэлт” клубын тамирчин Н.Тэмүүлэн нар 18, 20 дугаар байрыг тус тус эзэлсэн байна.
Энэхүү тэмцээнд манай улс 1996 оноос оролцож ирсэн байна. Дашрамд дуулгахад, Монголын ширээний теннисний холбооноос ирэх аравдугаар сард зэрэгтэй болон зэрэггүй тамирчдын тэмцээнийг зохион байгуулах гэж байна.