АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлэхээр болжээ. Ерөнхий сайд ажлаа хүлээж аваад багагүй хугацаа өнгөрсөн ч гэр хорооллын иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө дорвитой ажил хийхгүй байна гэж тэд үзсэн байна. Тус холбооноос Засгийн газар болон УИХ-аар Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах урт, богино үндэсний хэмжээний хөтөлбөрийг санаачлан батлуулахыг Н.Алтанхуягт сайдаас шаардаж байгаа аж. Өмнөх Засгийн газрын тэргүүн С.Батболдод 9 удаа энэ шаардлагыг хүргүүлж байжээ. Үүний үр дүнд банкууд 6 хувийн хүүтэй зээл олгох болсон.Харин ерөнхий сайд Н.Алтанхуяг сүүлийн өдрүүдэд гэр хорооллын иргэдийн өвлийн бэлтгэлтэй танилцаж байгаа нь ажил хийж сураагүй хүний шинж гэж тэд дүгнэж байна. Гэр хорооллын иргэдийн амьдралыг сайжруулахын оронд ингэж улс төржүүлж, сурталчилгаа хийж болохгүй гэдгийг санууллаа. Улаанбаатарт өнөөдрийн байдлаар 170 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Тэднийг орон сууцтай болгоход нийтдээ 4-5 тэрбум доллар орох гэнэ. Харин сүүлийн 10 жилд утаагүй зуух, дулаалга зэрэгт зарцуулсан мөнгө нь гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд орох мөнгөний талтай тэнцэх зардал болоод байгаа аж.
АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүлэх шаарлдагынхаа хариуг энэ сарын 20-ны дотор өгөхийг хүсчээ.
Б.Баяр

















































