2019 оны тавдугаар сарын 5-нд БНТУ-ын Истанбул хот дахь Монгол Улсын Консулын газрын дэд консул н.Баттүшиг, жолооч н.Эрдэнэбилэг нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай автомашинтай саатуулагдсан билээ. Шалгалтаар тэдний зорчиж явсан автомашинд 70 кг геройн буюу хар тамхи тээвэрлэж явсан илэрсэн учир цагдан хоригдож буй. Дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал Дрезден хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр болсон ч хойшлогдсон бөгөөд Германы цагаар энэ сарын 18-нд хэргийг эцэслэх шүүх хурал болох тов гарсан байна.