АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү Монголд ирэх үеэрээ хууль зөрчиж аргаль агнасан эсэхийг тус улсын Засгийн газраас шалгахаар болсныг тухайн орны хэвлэлүүд мэдээлж эхлээд байна.
Үүнтэй холбогдуулж, Мэргэжлийн хяналтын байгууллагаас Дональд Трамп Жр нь агнасан аргалийнхаа эд эрхтэнг манай улсын хилээр гаргасан эсэх талаар тайлбар өгчээ. Тус газраас өгсөн мэдээллээр “Ховор ан амьтанг агнахдаа БОАЖЯ-наас тусгай зөвшөөрөл авдаг. Агнасан амьтныхаа эд эрхтэнг хилээр гаргаж болно. Манай байгууллагын зүгээс зөвхөн БОАЖЯ-ны тусгай зөвшөөрлийг үндэслэн экспортлох гэрчилгээ олгодог. Зөвшөөрөл авалгүй ан хийсэн бол гэрчилгээ олгогдох үндэслэл байхгүй" гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн хүүг аргаль агнахдаа зөвшөөрөл аваагүй. Буцах замдаа Улаанбаатарт Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсаны дараа зөвшөөрөл нь нөхөж гаргасан хэмээх мэдээлэл гараад байгаа юм.
Энэ тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өдөр тутмын “Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа "Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэн нэгэн хүн тусгай зориулалтын ангийн үйл ажиллагаа явуулахдаа хууль дүрмийн дагуу зөвшөөрлөө авдаг. Тэр дагуу л зөвшөөрлөө авсан. Нөхөж авсан гэдэг юм байхгүй" гэсэн тайлбарыг өгчээ.
С.Сүлд