Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар Азийн хөгжлийн банкны 80 сая ам.долларын буцалтгүй тусламжид гарын үсэг зурлаа.
Энэ талаар АХБ-ны Суурин төлөөлөгчийн орлогч, ахлах эдийн засагч Деклан Магий “Нийслэлийн зарим гэр хороолол, хөдөө орон нутгийн 280 мянган иргэнд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг хүргэх зорилго бүхий 80 сая ам.долларын зээл болон буцалтгүй тусламж нь эрүүл мэндийн үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгох Засгийн газрын бодлогыг дэмжин ажиллаж байна. АХБ нь 1993 оноос Монгол Улсын эрүүл мэндийн салбарын найдвартай түнш байсаар ирсэн бөгөөд нийт 132.55 сая ам.долларын санхүүжилтийг олгоод байна. Өнөөдөр гарын үсэг зурж буй уг төсөл нь 158.34 сая ам.долларын санхүүжилт дээр эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хөрөнгө оруулалт хөтөлбөрийн хүрээнд зурагдаж буй эхний үе шатны төсөл бөгөөд АХБ Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийг урт хугацаанд дэмжин ажиллахыг зорьж буйн илэрхийлэл болж байна.
Хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт шинэ дүүргийн эмнэлэг ашиглалтад оруулах бөгөөд Ховд болон Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн хүчин чадлыг өргөжүүлж, улсын түргэн тусламжийн төвийн үйлчилгээг сайжруулж, анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх зорилгоор зургаан сумын эрүүл мэндийн төвийг хөдөө орон нутагт, 10 өрхийн эрүүл мэндийн төвийг нийслэлд байгуулна” гэв.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Зээлийн, буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурж, бэлтгэл ажлыг хангаж өгсөн Эрүүл мэндийн яам, АХБ-нд талархал илэрхийлье. Манай улс АХБ-тай агаарын бохирдол бууруулахаар хамтран ажиллаж байгаа бөгөөд уг ажлын хүрээнд агаарын бохирдлыг 40 орчим хувь бууруулж чадсан. Мөн ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд АХБ хоёр хоногийн өмнө 100 сая ам.доллар өгсөн. Ингэснээр ханш тогтвортой байх, бусад арга хэмжээг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байна. Түүнчлэн өнөөдрөөс эхлэн 80 сая ам.долларыг эрүүл мэндэд зарцуулахаар боллоо” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)