Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 05 дугаар тогтоолоор 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420 мянган төгрөг байхаар шинэчилсэн байдаг.
Тогтоолын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өчигдрөөс дахин нэмэгдлээ. Энэ хүрээнд Нийгмийн даатгалын сарын доод шимтгэл 60,900 төгрөг болж байна. Өнгөрсөн жил буюу 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг байх үед нийгмийн даатгалын сарын доод шимтгэл 43,200 төгрөг байсан юм.
Сануулахад, төрийн алба хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан энэ оны нэгдүгээр сарын 1-нээс найман хувиар нэмэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн юм. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдад алба хаасан хугацааны нэмэгдэл олгохоор болсон байдаг.
Өдгөө 190 мянган төрийн албан хаагчийн дундаж цалин 1070.0 мянган төгрөгт хүрэх бөгөөд энэ нь 2014 оны нэмэгдлээс хойш 48.9 хувиар нэмэгдэж байна гэсэн үг юм.
2019 оны III улирлын байдлаар сарын дундаж цалин 1166.4 мянга, төрийн албан хаагчдын дундаж цалин 922.8 мянган төгрөг байна. Засгийн газар цалинг 2018, 2019 онд тус бүр найман хувиар, цэцэрлэг, ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсрол олгох сургалтын байгууллага, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 21.7 хувиар ийн нэмж байна.
С.Сүлд