УИХ-ын чуулган 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс хойш хуралдаж чадаагүй билээ. Тодруулбал, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг баталсны дараагаар Эрүүгийн багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч УИХ-ын гишүүд чуулганы хуралдааныг удаа дараа тасалсан юм.
Эрүүгийн багц хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолж эхлэх зэрэг чухал заалтыг хэлэлцэх учиртай байсан ч чуулган тасалдуулсан гишүүдээс болж хэлэлцэх асуудал ийнхүү он дамжихаас аргагүй болсон. Харин энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын гишүүд зун, намар амраагүй. Он солигдохоос өмнө тойрогтоо ажиллах хүсэлт гарсан. Энэ хүсэлтийн дагуу чуулганыг 2020 оны нэгдүгээр сарын 2-ныг хүртэл хойшлуулсан" гэж ангийханаа хамгаалсан тайлбар өгсөн. Тэгвэл УИХ-ын чуулган, байнгын хороод хуралдах тов гарсан байсан ч харамсалтай нь байнгын хороодын ирц хүрээгүйн улмаас эхнээсээ хойшлогдлоо. Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн ес нь гадаад болон дотоод томилолттой, хүндэтгэх шалтгаантай гэсэн учраас ийн хойшилсон байна.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагт эхлэх товтой байсан бөгөөд
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
- Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай,
- Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай,
- Эрүүгийн хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хуулийн төсөл /Засгийн газар 2019.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ зэрэг асуудлыг хэлэлцэх товтой байсан.
Тэгвэл УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулган 15.00 цагт эхлэх товтой байсан ч мөн л ирц хүрээгүйн улмаас эхлээгүй байна. Яг одоогийн байдлаар Төрийн ордонд ирсэн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Хаянхярваа, С.Эрдэнэ, О.Баасанхүү, Х.Баделхан, Н.Оюундарь, Н.Энхболд, нарын цөөн хэдхэн гишүүд ирээд байна.
Г.Нацаг
Сэтгэгдэл (1)