ЦЕГ-ын Мөрдөн байцаах газраас орон байрны 40 удаагийн хулгайн үйлдэлтэй 13 настай ашиглаж, хулгай хийдэг байсан бүлэг этгээдийг баривчилсан. Уг хэргийг шалгаж үзэхэд өмнө нь ял шийтгэл эдэлж байсан, хулгайлах болон бусад төрлийн гэмт хэргээр шалгагдаж байгаа насанд хүрсэн этгээдүүд дээрх хүүхдийг хань хамсаатнаар татах замаар ашиглаж, хамтарч гэмт хэрэг үйлдэж байсан нь тогтоогджээ. Хулгайн гэмт хэрэгт холбогдсон 13 настай хүү” Үеийнхээ хүүхдүүдтэй бус буруу хүмүүстэй нийлсэнээс болж ийм зүйл болчихлоо. 2019 оны сүүлчээс эхлэн хулгай хийж эхэлсэн.
Надад хэн ч захиалга өгөөгүй. Би өөрөө хулгай хийсэн. Агаа согтуу ирэхээрээ “Золбин гөлөг” гээд хөөж туудаг. Гэртээ аав, ээж, ахтай хамт дөрвүүлээ амьдардаг. Аав, ээж хоёр ажил хийдэггүй. Ах ажил хийдэг.
Үүнээс нь болоод гэрээсээ явах, мөнгөтэй болохыг хүссэн. Голдуу гэр хорооллын айлыг ухдаг. Эзэнтэй эзэнгүйг нь судлахгүйгээр шууд ороод үнэд хүрэх зүйлийг нь авдаг. Хулгайлсан зүйлээ ломард эсвэл худалдааны төвд өгдөг. Хулгайлсан зүйлээ хамт хулгай хийсэн хүмүүстэй цугтаа зардаг. Гэртээ мөнгө аваачиж өгдөг. Хаанаас мөнгө авсан бэ гэж асуухаар нь ажил хийсэн гэж хэлдэг” гэлээ.
Харин түүнтэй хамт хулгай хийдэг байсан хоёр этгээд нь 19-21 насных бөгөөд өмнө нь ял шийтгэл эдэлж байсан, эсвэл давтан хэргээр шалгагдаж байгаа этгээдүүд юм байна.
Дээрх 13 настай хүүгийн ойролцоо амьдардаг, хүүг дарамталж хулгай хийлгэдэг гэх мэдээлэл байгаа аж. Харин үүнийг дээрх этгээдүүд үгүйсгээд “Ерөөсөө дарамталдаггүй” гэсэн юм.
Харин 13 настай хүү “Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Буруу гарын, том хүмүүстэй битгий нийлээрэй гэж үеийнхэндээ анхааруулмаар байна” гэв.
Г.Маргад