Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Барилга, хот байгуулалтын сайд Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан. Хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Сууц өмчлөгчдийн хороог татан буулгах заалт орсныг эсэргүүцэж Баянгол дүүргийн СӨХ-өөс тус дүүргээс сонгогдсон гишүүндээ хандаж, хүсэлт гаргажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатараас тодрууллаа.
-Баянгол дүүргийн СӨХ-оос танд санал гаргаж, хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлэг дээр юу яригдсан бэ?
-Тус дүүргээс сонгогдсон Их Хурлын гишүүний хувьд СӨХ-ны 150 гаруй хүн надтай уулзаж, хуулийн талын мэдээллийг сонсож, Орон сууцын тухай хуулийг өөрсдөө хэрхэн ойлгож байгаа талаас нь ярилцаж, санал дүгнэлтээ хэллээ. Санал хүсэлтийнх нь дагуу миний хувьд ч ялгаагүй хариултуудаа тодорхой хэлсэн. Ер нь уг заалтыг хэлэлцэх үед нь ч би хэлж байсан. Орон сууцны тухай хууль амьдралд нийцээгүй. СӨХ муу ажиллаж, орон сууцны контор сайн ажилладаг гэх мэтээр асуудалд хандсан. СӨХ-үүдээ буулгаж орон сууцны конторт шилжүүлнэ гэж байгаа шүү дээ. Энэ маргаан дагуулсан, зөрчилтэй хууль. Тиймээс дэмжих боломжгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байсан. Учир нь төр 100 хувь уг харилцаанд оролцох нь байна шүү дээ. Тиймээс төр энэ харилцааг сайн зохицуулна. Үүнийг иргэд хүсч байгаа гэж яриад байгааг ойлгохгүй байгаа.
-Засгийн газраас Орон сууцын тухай хуульд ингж оруулах шаардлага байсан юм уу?
-Үүнийг санаачилсан газар буюу Барилга хот байгуулалтын яамнаас асуусан дээр байх. Шаардлага байхын хувьд байсан. Гэхдээ бүх СӨХ-г татан буулгана, СӨХ-ийн эрх мэдлийг байхгүй болгоно гэдэг зүйл заалт нь өнөөдөр ямар ч зохимжгүй гэж харж байна.
-Байнгын хорооны гишүүдийн зүгээс ямар саналтай байгаа вэ?
-Уг асуудлаар ажлын хэсэг гарсан. Хэлэлцэгдэж эхлээгүй байна. Ажлын хэсгийг М.Оюунчимэг гишүүн ахалж ажиллаж байгаа.
-СӨХ-ын дарга нарын хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Тэдний зүгээс уг хуулийг эсэргүүцэж, буцааж өгөөч гэсэн хүсэлт тавьж байна.
-Хуулийн төслийг буцаах боломжтой юу?
-Үүнийг би дангаараа шийдэхгүй. Санаачилсэн байгууллага өөрсдөө татаж авах боломжтой. Мөн хэлэлцүүлгийг явцад гишүүд дэмжихгүй бол буцна гэсэн зүйл заалттай. Энэ журмаараа явна.
Б.Лхам
Сэтгэгдэл (56)