УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр сонгогдсон О.Амгаланбаатар, Г.Байгальмаа, Э.Батболд, Д.Баяндүүрэн, Б.Ганбат нарын тангараг өргөх ёслол өнөөдөр боллоо.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбатыг дахин томилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г. Байгалмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Э.Батболд, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нарыг шинээр томилоод байгаа юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан Үндсэн хуулийн байгууллага бол Сонгуулийн ерөнхий хороо. 1992 онд ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа байгуулагдсан анхны байгууллага юм.
Үндсэн хуульд зааснаар төрийн эрхийг ард түмэн төлөөллийн байгууллагаараа дамжуулж хэрэгжүүлдэг учир тэрхүү төлөөллийг хэн нэгнээс хараат бусаар, хуулийн дагуу, шударгаар сонгох ажлыг зохион байгуулах чухал байгууллагын гишүүдийг тангараг өргүүлдэг хэмээв.