Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
-Төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон талаар зарим эдийн засагчид хэлж байна. Та өмнө нь мэдэгдэл хийхдээ төсөвт тодотгол хийхгүй гэсэн. Үнэхээр тодотгол хийх шалтгаан бий болсон уу?
-Төсөв тодотгохгүй. Тодотгох шалтгаан бий болоогүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаасаа хойш эдийн засгийн суурь үзүүлэлтүүдээ сайн хийсэн. Нэг жил орчмын хүндрэлийг даваад туулах хэмжээний боломж бүрэн бий. Тиймээс төсөв тодотгохгүй.
-Нүүрсний экспорт хоёр сар орчим тасалдлаа. Зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөх шийдвэр гарсан. Ингэхээр төсөвт дахиад алдагдал үүснэ. Энэ бүхнийг яаж тооцох юм бэ?
-Бусад судалгааны байгууллагын эдийн засгийн нөхцөл ямар хэлбэрээр хэрхэн явах талаар гаргасан. Үүнтэй нь дүйцүүлж, нэг тооцооллоор явж байна.
-Төсөв хэчнээн төгрөгөөр тасалдаад байна вэ?
-202.7 тэрбум төгрөг гэж өмнө нь хэлж байсан. Хоёрдугаар сарын байдлыг яамныхан гүйцэтгэлээ нэгтгэж байгаа.
-Ямар бараа бүтээгдэхүүний татварыг чөлөөлөх юм бэ?
-Үнийн хөөрөгдөл бий болж магадгүй гэж таамаглаж байсан ч БНХАУ-аас ачаа бараа хэвийн орж ирж байна. Нүүрс болон бусад ашигт малтмалыг боомтуудаар гаргах бэлтгэл ажил хийгдээд хятадын талтай ойлголцоод явж байна. Тиймээс удахгүй экспорт эхэлнэ. Нөхцөл байдлаа мэдрээд зохицуулаад явна. Өнөөдрийн хуралдаанаар бүх төрлийн будаа, элсэн чихэр, өндөгний татварыг хоёр хүртлэх сараар хойшлуулах шийдвэр гаргасан. Сарын дараа чуулган эхэлнэ. Үүний дараа нэг удаа татвараас чөлөөлөх саналыг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлнэ.
-Зарим ААН-үүд түрээсээ тодорхой хэмжээгээр хөнгөлөөд эхэллээ. Эдгээр газрууд татварын хөнгөлөлтөө хэзээнээс эдлэх юм бэ?
-Татварыг хөнгөлж, чөлөөлөх нь зөвхөн УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Энэ хугацаанд ААН-үүдэд ойлгуулах ажил явагдана. Түрээсээ хөнгөлсөн ААН-үүдийн татварыг хөнгөлөх асуудлыг Их Хурал батлаад өгчих байхаа гэж бодож байна.
Б.Лхам