Монгол Улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол Дорноговь аймагт бүртгэгдсэн. Тодруулбал, Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Францын хөрөнгө оруулалттай ураны "Бадрах Энержи" компанид ажилладаг франц иргэний лабораторийн шинжилгээний хариу эерэг гараад байна.
Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс яаралтай хуралдаж, зам хаах шийдвэр гаргалаа.
Энэ талаар Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан "Улсын онцгой комисс өглөө 06.00 цагт хуралдаж, Улаанбаатар хот болон аймаг сумдаас гарах болон хот хоорондын зорчигч тээврийн орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 17-ны 07.00 цаг хүртэл зогсоох шийдвэр гаргалаа. Манай улсад олон улсын нислэгийн хоёр урсгал, төмөр замын урсгал, авто замын хойд хилийн урсгал нээлттэй байгаа. Цагаан сар өнгөрсний дараа орон нутгийн зорчигч тээвэр, хуваарьт нислэг, суудлын галт тэрэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Үүнтэй холбоотойгоор нэгдүгээр хавьтлын хүмүүс ийм тийшээ тархсан байж магадгүй учраас замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргалаа" гэсэн юм.
Сэтгэгдэл (5)