Өнөөдөр Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УОК-ын Шуурхай албаны хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн "Өнөөдрийн байдлаар гадаад дахь нийт 986 иргэнийг эх орондоо авчраад байна. Станбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч болоод нислэгийн багийнхан тусгаарлагдсан. Тусгаарлагдсан иргэдэд 14 хоногт нэг удаа эргэлт оруулна. Гэхдээ биеэр бус шаардлагатай ахуйн хэрэглээний хангамж өгөхийг зөвшөөрнө" гэлээ.
МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат "Өмнөх нислэгээр ирсэн зарим хүн тусгаарлагдаагүй гэдэг мэдээлэл цацагдсан. Ийм үндэслэл байхгүй шүү. Туркээс ирсэн зорчигч мэргэжлийн хяналтын хоёр байцаагч, ХӨСҮТ-ын нэг эмчийн хяналт шалгалт дор ирсэн. Хилээр оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн автомашиныг ард, урд нь хамгаалалт дагалдана. Жолоочийг автомашинаас буулгахгүйгээр ачааг буулгана.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийхэд 6000 гаруй зөрчил илэрсэн. Үүнээс 5000 гаруйг нь газар дээр нь арилгуулсан. Хорио цээрийн энэ үед торгож, шийтгэх гэхээсээ илүүтэй сануулах, анхааруулах зэргээр арга хэмжээ авахыг хичээж байна. Гэхдээ зарим хариуцлагагүй аж ахуйн нэгжүүд чанаргүй бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэж оролдсон. Тиймээс бүх барааг устгасан.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөр газрын дэд дарга С.Цогтгэрэл "Үнийн асуудалд тогтмол хяналт тавин ажиллаж байна. Өчигдрийн байдлаар 134 иргэн гомдол, мэдээлэл ирүүлсэн. Эдгээрийн олонх нь бүтээгдэхүүний үнэ ил байрлуулахгүй байна гэсэн гомдол байсан. Коронавирусний зургаа дахь тохиолдлын дараа үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлж, захуудад гэнэтийн шалгалт хийсэн. Шалгалтаар үнийн хөөрөгдөл болоогүй нь гарсан" гэлээ.