Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.04.14) цахим хуралдаан 10 цаг 20 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 13 гишүүний өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөл, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм.
Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Уг нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт "... Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, ..." гэж, Хорин тавдугаар зүйлийн 25.1.7-д “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах; Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна..." гэж тус тус заасан.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Цэрэнбат, Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, Н.Амарзаяа нар төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Төсөл санаачлагчдыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ хууль нь Монгол Улсын хөгжлийн бодлогыг боловсруулах, батлах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн боловсруулах, тэдгээрийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ хуульд заасан баримт бичигт нийцсэн эсэхийг төрийн аудитын байгууллага хянаж, Сонгуулийн ерөнхий хороонд дүгнэлтээ хүргүүлэхээр төсөлд тусгасан.
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь дэвшүүлсэн зорилго, зорилтоо хангахад чиглэгдсэн, харилцан уялдаа бүхий урт хугацааны; дунд хугацааны; богино хугацааны гэсэн төрөлтэй байх юм.
Урт хугацааны буюу 11-30 жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг нь дунд болон богино хугацааны бодпогын үндэс байх бөгөөд улсын, салбар, салбар хоорондын, бүсийн болон орон нутгийн урт хугацааны бодлогыг бүс нутаг, байршлаар төлөвлөхөөр төсөлд тусгаж өгсөн. Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн болон хотын ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт үндэслэнэ.
Дунд хугацааны буюу 10 жилийн хугацаанд хэрэгжих хөгжпийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүулэхэд чиглэсэн, санхүүжилтийн эх үүсвэрээр баталгаажсан Хөгжлийн тодорхой зорилтот хөтөлбөр байх юм. Дунд хугацааны буюу таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг нь Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл байна.
Байнгын хорооны хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.
Энэ онд батлагдсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн зохих хэсэг, Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн боловсруулсан уг тогтоолын төсөлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс товлон зарлаж, ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоохоор тусгажээ.