УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Энэ гэрээг байгуулахаар 2017 оноос ажиллаж ирсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Вьетнам Улсын 1 иргэн ял эдэлж байна. Вьетнам Улсад ял эдэлж буй Монгол Улсын иргэн байхгүй. Вьетнам Улсад Монгол Улсын 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцдаг" гэлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулахад гишүүдийн 58.3 хувь нь дэмжлээ. Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.