УИХ-ын өнөөдрийн чуулганаар Зэвсэгт хүчний тухай хуулийг чуулганы үдээс хойших хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Ж.Энхбаяр: Жилд 80-90 мянган залуус цэргийн алба хаах насанд хүрч байгаа ч жилд 3-4 хувь нь биеэрээ хааж байгаа. Эндээс эрчүүдийн бие бялдар, эх оронч үзэл бодлогын түвшинд хүрч чадахгүй нь харагдаж байна. Хоёрдугаарт, уламжлалт цэргийн түрэмгийлэл агаар, ус, сансар гэсэн замаар бий болдог байсан бол энэ зуунд кибер хүрээнд бий болдог болчихож. Тиймээс зэвсэгт хүчний үндсэн үүрэгт кибер орон зайнаас хамгаалах асуудал орж ирж байна. Энэ нь бага зардлаар улс орныг батлан хамгаалахад үр дүнтэй. Нэг талдаа эдийн засгийн томоохон салбар бий болно. Тусгай хүчин байгуулах зайлшгүй шаардлага бий. Энэ хуульд үүнийг орхигдуулсан.
Б.Бат-Эрдэнэ: Хуулийн төслийг дэмжиж байна. Монгол үндэстэн хүчирхэг байсны нууц нь цэргийн бэлтгэл сургуулилт. Оюутан цэрэгтэй ижил хэмжээнд ямар хөтөлбөр байх юм. Нийт залуучуудаа цэргийн албаар дамжуулж, хүн болгон төлөвшүүлэх, хүмүүжил ёсзүйн хувьд нь анхаарах шаардлага байна. Цэргийн алба хааж байгаа цэргүүд томоохон бүтээн байгуулалтад оролцох нь чухал. Авдаг цалин нь тогтмол, хууль нь зөрчилгүй байх нь чухал. Ажил болоод хэрэгжчихсэн хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа нь зөв гэж бодож байна.
Б.Лхам