УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын “COVID-19” виртуал хуралд оролцлоо. Уг виртуал хуралд Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын Ерөнхийлөгч Кейзо Такеми, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касай болон 20 гаруй улсын парламентын дарга, гишүүд оролцсон юм.
Энэхүү виртуал хурлаар дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдлыг эрсдэл багатай даван туулахад парламентын үүрэг оролцоо, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсаны зэрэгцээ парламентаас шаардлагатай хууль тогтоомжуудыг хэрхэн батлан гаргаж байгаа талаарх туршлагаасаа хуваалцаж, санал солилцов.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Манай улс газарзүйн хувьд тахлын голомттой ойр. Урд хөршид вирус тархаж эхэлсний дараа буюу 2020 оны нэгдүгээр сард хилээ хааж, иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Одоогийн байдлаар манай улсад халдварт өвчний 35 тохиолдол бүртгэгдэж, тэднээс найм нь бүрэн эдгэрсэн. Үлдсэн 27 хүнд эмчилгээ хийж байна. Нас барсан хүн байхгүй. Бүх тохиолдол нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Тиймээс бид өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд төвлөрч ажиллаж байна.
УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаанаа онлайн хэлбэрээр явуулж, холбогдох нэмэлт, өөрчлөлтийг дэгийн тухай хуульд оруулсан. Иргэдийн эрүүл мэнд, орлого, ажлын байрыг хамгаалах, эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих цогц арга хэмжээ авч ажиллаж байна.
Мөн хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс ажилтнуудыг ээлжээр ажиллуулах, 12 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг цахимаар ажиллуулах, гар ариутгах бодисыг өдөр тутмын хэрэглээнд хэвшүүлэх, ажлын байранд нэвтрэх хаалган дээр биеийн хэмийг хянах, халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх, шинж тэмдгийг таних талаар зөвлөмж, сануулгыг байршуулах, эрүүл мэндийн байдал, холбогдох мэдээллээр асуумж бөглүүлэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна” гэв.
Түүнчлэн ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн газраас Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын VI чуулганыг Монгол Улсад энэ оны наймдугаар сард зохион байгуулах санал ирүүлсэн. Хэдийгээр цар тахлын тархалтын байдал хэрхэхийг урьдчилан таамаглах боломжгүй ч чуулганыг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж байна" гэв.
БНСУ, Япон, Филиппин, Фижи улсын парламентын гишүүд өөрсдийн улс орны нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн бол ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Эрүүл мэндийн систем, тусламж үйлчилгээний асуудал хариуцсан захирал Мартин Тайлор ДЭМБ-аас улс орнуудад үзүүлж буй тусламж, зөвлөмжийн талаар мэдээлэл өгсөн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл (1)