УИХ-ын чуулганаар COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд санал хэллээ.
Т.Аюурсайхан: Хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн үг хэлэх эрх чөлөөтэй холбоотой заалтыг хассан. Аливаа зүйл хэм хэмжээ, хязгаартай байх ёстой. Дөрөвдүгээр санал бол худал мэдээлэл хэлсэн хувь хүнийг тав сая, хуулийн этгээдлийг 50 сая төгрөгөөр торгох санал оруулсныг хэм хэмжээ хэтэрсэн заалт гэж үзэж байна. Төслөөс хасуулмаар байна. Хоёрдугаарт, УИХ-ын дарга та чиглэл өгч саналууд эргэж босч ирсний үр дүнд хуулийн эцсийн найруулга дээр заавал ажиллах хэрэгтэй болж байна.
Л.Болд: Бид ямар хууль гаргаж байгаагаа санах хэрэгтэй. Онц байдалд үүрэг гүйцэтгэж байгаа эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг дэмжих асуудлыг босгосон. Дайны үед цуурхал тараах, худал мэдээлэл гаргах бол хүний амиар хэмжигдэх зүйл. Нэг улс төрийн нам цуурхал тараавал 5 сая төгрөг гэж байна. Бид ямар цаазаар авах гэж байгаа биш хүн гүтгэж, цуурхал тараах асуудлыг хүлээн зөвшөөрч болохгүй. Тиймээс цар тахал бол тоглоом биш гэдгийг ойлгуулах зүйл нь таны хэлдэг заалт юм. Байнгын хорооноос дэмжсэн. Гишүүдийг дэмжсэн байр суурь дээрээ байгаач гэж хүсч байна.
Н.Энхболд: Зөрчлийн хуульд байдаг ижил төстэй зөрчлүүдтэй ижил ойр санкцтай байхгүй бол болохгүй. Энэ хуульд орсон санкцуудаас хэт ялгаатай болчихов уу гэж харсан. Ямар ч байсан Их Хурлын дарга чиглэл өгч, анхааралтай ажиллаасай гэж хүсч байна.
Б.Лхам