УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг чөлөөлж, С.Баатаржав, Б.Баасандорж нарыг томиллоо. Энэ үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Сонгууль дөрвөн жилд нэг удаа болдог. Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байдаг. Сонгууль хуулийн дагуу шударга явах ёстой. Сонгуулийн үйл ажиллагаанд улс төрийн намууд оролцдог байсан бол өөрчлөлт оруулаад төрийн жинхэнэ албан хаагчид оролцдог болсон. Сонгуулийн хууль зөрчвөл эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ. Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох асуудлыг оруулж ирж байгаа.
Сонгуульд нэр дэвшиж буй этгээд өрсөлдөгчийнхөө нэр хүндийг гутаах, доромжлох асуудал гаргавал нэр дэвшүүлэхгүй. Ийм үйлдэл гаргаж байгааг холбогдох байгууллагуудад өөрсдөө мэдээлж, өөрсдийнхөө эрх ашгийг илүү хамгаалах талаар санаачлагатай ажиллахыг анхааруулъя” гэсэн юм. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Улсын бүртгэлийн байгууллагаас хоёрдугаар сарын 1-нээс иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-ний хооронд дунджаар иргэний шилжилт хөдөлгөөн 35-36 мянга хүрч ихэссэн. Сонгогч шилжих хөдөлгөөн СЕХ-ны 24 дүгээр зүйлээр зохицуулагдаж байгаа” хэмээн хариуллаа.
С.Сүлд