УИХ-ын сонгууль ирэх зургадугаар сард болохтой холбогдуулж, түүнд оролцохоор хүсэлтээ хүргүүлсэн нам, эвсэлд Сонгуулийн ерөнхий хорооноос батламжийг нь гардуулж, өгөв. Улс төрд ууган, удаахь гэж явдаг МАН, АН-ынхан энэ удаагийн сонгуульд дангаараа оролцохоо мэдэгдсэн бол бусад намын хувьд өөр хоорондоо эвсэж, нэгдэн оролцохоо илэрхийлээд буй.
Хэдийгээр сонгуульд өрсөлдөх намууд холбогдох хууль дүрмийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос бичиг баримтаа баталгаажуулж авсан ч нэр бүхий намын нэр дэвшигчдээ тодруулах үйл явц нийгэмд маргаан дагуулж эхлээд байгаа юм. Тэр нь Ардчилсан нам.
Засгийн эрхийг дөрвөн жил барьж ирсэн АН УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр далаараа цэвэр тавиулсан нь 2016 он. Үүнийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй, өөрсдөө “паанигт” орж явсаар тэд парламентад бүлэггүй хоцорсон. Ж.Батзандан, Л.Болд нарыг АН-аас хөөж явуулснаар. Гэхдээ энэ гол асуудал биш.
Харин УИХ-ын сонгуульд нэр дэвших сонирхолтой хүмүүстээ дэнчин нэртэй, 100 сая төгрөгийн босго тогтоосон уг нам эцэстээ намынхаа нэр, нөлөө бүхий хүмүүсийнхээ аманд ороод дуусах бололтой.
Монголоос Хөх хотод Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ 100 сая төгрөгийн дэнчин тогтоосон, түүнийг нь хэрхэн зарцуулах тухай намын дарга С.Эрдэнэтэйгээ зөрчилдөж, заалнаас хөөгдөхдөө тулсан талаарх бичлэг саяхан задарсан.
Харин энэ удаад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зөвлөхөөс УИХ-ын гишүүн, сайд болон дэвшиж асан Ц.Оюунгэрэлийн News.mn сайтад өгсөн ярилцлага нь анхаарал татаж байна. Тэрбээр “Тухайн үед дийлэнх нь анзаараагүй, цаг нь тулаад төлөөд ирэхээр ямар их мөнгө вэ гэдгийг одооноос л анзаарч байх шиг байна. Тэр өндөр татварыг төлөөд явж байгаа хүмүүсийг би буруутгамааргүй байна. Тэд намынхаа шугамаар улс төрийн боломжийг олж авъя гээд яаж ийгээд л дэнчинг төлж нэр дэвших эрхээ авч байна. Маш их үнэ цэнээр энэ боломжийг олж авч байна даа гэж харж байгаа. Намд татвар байх нь зөв, гэхдээ дааж давшгүй өндөр байж хэрхэвч болохгүй.
Дааж давшгүй өндөр татвар бол дандаа буруу зүйл рүү түлхдэг. Гэр бүлийнхнийгээ золиосонд гаргаж байр орон сууцаа зарж, өр зээл тавьдаг. Эсвэл бусдад худал хэлж мөнгө гуйж авчихаад дараа нь тэр амлалтдаа хүрэхийн тулд дахиад л буруу зүйл хийдэг.
Цаашлаад хууль бус авлигын аргаар энэ мөнгийг олох сэдэл санааг бий болгодог. Тэгэхээр аливаа зүйл хэм хэмжээнээсээ хэтэрч болохгүй” гэжээ.
Сайд асан Ц.Оюунгэрэлийн хэлснээр энэ удаагийн сонгуульд АН нэр дэвшигчдэдээ 100 сая төгрөгөөр тогтохгүй томоохон мөнгөний босго тогтоосон нь үнэн гэлтэй. 100 сая төгрөгийн дэнчин тушааж, нэмээд 200-400 сая төгрөгийн зарлага гаргасан, магадгүй намынхаа үйл ажиллагаанд зарцуулсан нэр дэвшигч УИХ-д сонгогдлоо гэхэд “шарх”-аа нөхөж л таарна. Хамгийн гол нь, тэр бүгд нь татвар төлөгчдийн халааснаас, нөхөгдөж төлөгдөх нь тохуутай.
Г.Эрхэс
Сэтгэгдэл (12)