УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр цар тахлын үед хориг арга хэмжээ авах талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр "ЭМЯ-наас эрсдэл өндөр байна гэж мэдэгдсэн. Тиймээс дадлага сургуулилалт Чингэлтэй дүүрэг болон орон нутагт хийнэ. Нийт гурван өдөр танхмын сургалт хийнэ. Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын суурин төлөөлөгч, орон нутаг, дүүрэг, нийслэлийн удирдлагууд цахимаар холбогдоно.
Энэ сарын 7-нд Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоох дадлага сургуулилалт хийнэ. Учир нь халдвар тархсан тохиолдолд бэлтгэлтэй байх ёстой. Энэ үеэр хатуу хөл хорио тогтооно. Ард иргэд 08.00-18.00 цагийн хооронд гэртээ байх хэрэгтэй. Эсвэл үүнээс өмнө ажилдаа явсан байх ёстой. Цаг хоцорвол дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахгүй, оруулахгүй. Чингэлтэй дүүрэг гэж өнгөц дүгнэж болохгүй. Монгол Улсын хэмжээ гэж бодоорой. Энэ үеэр цэргийн алба хаагчид, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг дайчилж хамгаалалтад авна.
Галт зэвсэг, цэргийн техник хэрэгсэл ашиглана. Битгий айж сандараарай.
Энэ бол байлдааны ажиллагаа биш. Харин цэргийн анги нэгтгэлүүд хамтарч ажиллаж байгаа зүйл юм шүү. Цахим орчинд ташаа мэдээлэл битгий тараагаарай.
Холбогдох албаныхан уялдаа холбоогоо сайжруулах гэсэн арга хэмжээ гэдгийг бүх нийтээрээ ухамсарлаарай.
Дадлага сургуулилалтын үеэр хүнсний түгээлтийг хэрхэн хийх талаар сургуулилалт хийнэ. Гадаад улсад иргэд долоо хоногийн хүнсний жагсаалтаа бичиж үүдэндээ байршуулдаг юм байна. Эрсдэл тулгарсан үед ийм туршлагыг хэрэгжүүлэх боломжтой. Хорио цээрийн үеэр ямар хүндрэл учирна. Тэр бүрийг тэмдэглэж аваад үүнийг засаж залруулах, дахин ийм хүндрэл учруулахгүй байхад ямар хэмжээ авахыг судалж үзнэ" гэлээ.
Г.Маргад