УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг яллагдагчаар татсан тогтоолыг нийслэлийн Прокурорын газраас танилцуулах гэсэн боловч тэрбээр өнөөдрийг хүртэл тогтоолтой танилцаагүй байна. Тиймээс прокуророос албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргуулах хүсэлтийг нийслэлийн Прокурорын байгууллагаас шүүхэд гаргасан юм Уг хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 5-ны өдөр хэлэлцэж, прокурорын хүсэлтийг хүлээж авсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Н.Номтойбаяр "Улс төр орсон цагт хууль "үйлчилдэггүй"-н тод жишээ. Намайг нэр дэвшүүлэхгүй, "шоглох" ажиллагаа эхэллээ. Тиймээс прокурорын хүсэлтийг хүлээж авахгүй байхыг хүсье" гэсэн утга агуулга бүхий гомдол Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчид гомдол гаргаад байсан. Харин шүүхээс уг хүсэлтийг хүлээж аваагүй учир түүнийг албадан ирүүлэх шаардлагыг нийслэлийн Прокурорын газраас ЦЕГ-ын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.
Хэрвээ тэрбээр яллагдагчаар татсан тогтоолтой танилцахгүй байсаар байвал түүнд авсан хилийн хоригийн таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хориогоор солих магадлалтай юм.
Тэгвэл эл хэргийн араас Н.Номтойбаяр маргааш хэвлэлийн бага хурал хийхээ мэдэгдээд байна.
Сэтгэгдэл (4)