УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын өнөөдрийн чуулганаар хийж баталлаа.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор дээрх хуулийн төслийг 14 бүлэг 126 зүйлтэйгээр шинэчлэн өргөн барьсан байна. Өргөн барьсан төсөлд хууль батлах босгыг хоёр дахин өндөрсгөж нийт гишүүний 50 хувь буюу 39-өөс дээш гишүүний саналаар хууль баталж байхаар тусгажээ.
Мөн анхдугаар чуулганыг зохион байгуулах, Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох, Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөхтэй холбоотой харилцааг шинээр болон өөрчлөн найруулсан аж.