НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн XXI хуралдаан өнөөдөр эхлэн энэ сарын
28-ны өдөр хүртэл Женев хотноо үргэлжлэх юм. Уг хуралдаанд хүний эрхийн
зөвлөлийн гишүүн 47 орны төлөөлөгчид оролцох аж.

21-р хуралдааны хэлэлцэх асуудлын гол сэдвийн нэг нь Сири улсад хүний эрх зөрчигдөж буй талаарх судалгаа байх гэнэ.
Хүний эрхийн зөвлөлийн илтгэлд “Сирийн Засгийн газрын арми, “шабихи” бүлэглэлийн дайчид өнгөрсөн тавдугаар сарын 25-нд Эль-Хоула тосгоны 100 гаруй оршин суугчдыг хөнөөсөн хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Сирийн зэвсэгт хүчин, Засгийн газар, улс төрийн бодлого нь хүний эрхийг зөрчиж байна” хэмээн дурджээ. Мөн шинжээчид засгийн газрыг эсэргүүцэн байгаа босогчид дайны гэмт хэрэг үйлдэж, шүүхийн шийдвэргүйгээр цаазын ял гүйцэтгэж байгааг буруушаасан байна.
Хуралдаанд оролцогсод 17-ны өдөр хүртэл илтгэлийг хэлэлцэх юм байна.
Д.Идэр