УИХ-ын сонгуулийн үр дүнгээр эрх баригч МАН үнэмлэхүй олонхийн байр сууриа хадгалж, парламентад 62 суудалтай болсон билээ. Энэ дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаснаар 75 гишүүн тангараг өргөж, 2020-2024 оны парламент албан ёсоор бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэгвэл УИХ-ын даргаар улиран сонгогдсон Г.Занданшатар зарим томилгоог хийжээ. Тэрбээр гишүүн асан Д.Лүндээжанцанг Хуулийн бодлогын зөвлөхөөрөө ажиллуулахаар болсон байна. Шинэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригч тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Сүхбаатарын оронд уг албан тушаалд очсон байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар таван зөвлөхтэй. Тодруулбал, Хуулийн бодлогын зөвлөх Д.Лүндээжанцан, Эдийн засгийн зөвлөх С.Баярмөнх, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөх Д.Бадамдаш, Улс төрийн бодлогын зөвлөх З.Төмөртөөмөө, Нийгмийн бодлогын зөвлөх, доктор, профессор Д.Бадарч нар ажилладаг юм.
С.Сүлд