Өнөөдөр УИХ-ын чуулганаар шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байгаа юм. Харин УИХ-ын гишүүн болсноосоо хойш ажилдаа ирэхгүй, хурим найр хөөж явлаа гэх шүүмжлэлд өртөөд байсан Н.Номтойбаяр гишүүн чуулганы танхимд анх удаа өнөөдөр ам нээж, “хэлд оров”. Тэрбээр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, ерөнхий сайд Н.Алтанхуяг нараас асуулт асуув. Н.Номтойбаяр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг тодорхойлох үзүүлэлт нь боловсролтой холбоотой байдаг. Мэргэжил эзэмшсэн хүмүүсийн 71 гаруй хувь нь их сургуульд сурдаг. Гэтэл эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн дөнгөж 30 хувьд их, дээд сургууль төгссөн хүмүүс хамаарагддаг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихдээ энэ асуудлыг заавал авч үзэх ёстой гэж дэд сайдаар ажиллаж байхдаа дүгнэсэн” гэв. Мөн ерөнхий сайд Н.Алтанхуягт хандаж “Цалин тэтгэвэрийн хэмжээг нэмэхдээ өргөн хэрэглээний үнийг өсгөхгүйн тулд нийтэд зарлахгүйгээр нэмнэ гэснийг ойлгохгүй байна. Тайлбарлаж өгнө үү. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хувь хэд байгаа вэ? Та анх надаас энэ асуултыг асууж байсан” гэв.
Тэрбээр асуултаа НХХЯ-ны дэд сайд байсан хүн шиг тавилаа гэж бусад “ангийнхан” нь дүгнэв. Ингэж хоёр сар дуугүй явсан Н.Номтойбаяр гишүүн "хэлд оров". Түүний өмнө нь ажиллаж байсан салбарын талаар ярьсан тул "хэл нь загатнасан" байх гэж гишүүд хоорондоо жиг жуг хийлцэж байна.
Т.Гэрэл



















































