УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойших хуралдаанаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор гишүүд Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Цар тахалтай холбогдуулж, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн хамгийн оновчтой нь хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгосон явдал. Энэ бодлогыг цар тахлын дараа үргэлжүүлэх санал гаргаж байна. Цар тахлын дараа ч хүүхэд бүрт олгодог 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох хэрэгтэй. Монголд 800 мянган хүүхэд ядууралд өртсөн байна. Ядууралд өртсөн хүмүүсийн ихэнх нь хүүхэд гэдгийг эндээс харж болно" гэсэн саналыг дэвшүүлсэн юм.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар олгож эхэлсэн 100 мянган төгрөгийг 2020 он дуустал хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан билээ.
С.Сүлд