Сайдын хүүхэд сайд, адаглаад л хурган даргын албанд томилогддог аалзны тор мэт сүлжээ сонгууль бүрийн дараа үргэлжилнэ. Энэ удаад ч Шадар сайд асны хүүгийн томилгоо зэрэг хэд хэдэн томилгоо багтсаныг өмнө нь дурдсан билээ. Төрийн албанд энэ байдал ужиг болтлоо гаарсныг өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өөрт тулгарч байсан жишээгээр дурдсан.
Тэрбээр “Намайг Ерөнхий сайд байхдаа нэг зүйл дээр гайхсан. Элчин сайдын томилгоо ороод иртэл элчин сайдуудын хүүхдүүд элчин сайд болдог тогтолцоо бий болчихсон байна лээ” гэсэн юм.
Орон нутгийн сонгууль аравдугаар сарын эхний долоо хоногт болно. Уг сонгуульд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэнээс эхлээд төрийн өндөр албан тушаалтны ойр дотнын болон хамаарал бүхий этгээд нэр дэвшсэн харагдана лээ.
Үүний нэг нь экс Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ.
Тэрбээр өнгөрсөн орон нутгийн сонгуульд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшин ялалт байгуулж байсан. Энэ удаад шат ахин нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сунгаанд Баянзүрх дүүргээс нэр дэвшжээ.
Уг нь экс Ерөнхийлөгчийг хүү Э.Эрдэнийн хамт УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр бэлдэж байгаа тухай шуум гарсан ч тэрбээр няцаасан юм. Энэ нь хүү Э.Эрдэнийн хэтийн зорилготой холбоотой аж. УИХ-ын сонгуульд шууд нэр дэвшвэл сонгогдох магадлал тун бага хийгээд улс төрийн карьерт нь халтай. Тиймээс хэтийн зорилгоо багаас их рүү шатлан дэвших байдлаар тодорхойлжээ. Даргын хүүхэд дарга гэсэн нэр зүүхгүйгээс гадна өөрт нь ч нэр хүндтэй.
Тэр өмнө нь дүүрэгт хүч үзсэн. Ялсан. Дараагийн нүүдэл нь нийслэл. Алсдаа хотын даргаас гишүүн хүртэл дэвших нь тодорхой. Ямартай ч шууд даргын албанд томилогдохоос илүүтэй доороос нь эхлэн дэвшиж байгаа нь түүний барьсан зөв бодлого.
Б.Лхам
Сэтгэгдэл (28)