Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн хоёр өдрийн айлчлал өчигдөр амжилттай өндөрлөсөн.
Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу айлчлалд оролцсон бүх албан тушаалтнуудыг 14 хоног тусгаарлах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу өчигдөр айлчлал дуусмагц оролцсон, үйлчилсэн бүх иргэдийг тусгаарлажээ.
Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Гадаад харилцааны яамнаас 20 гаруй хүн айлчлалд оролцсон. Алба хаагчдыг УОК-оос хуваарилаж өгсөн газруудад тусгаарласан.
Хятад улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын яамнаас оролцсон хүмүүсийн хувьд мөн адил манай улсаас гаргасан журмын дагуу Элчин сайдын байрандаа тусгаарлагдаж байгаа” гэлээ.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар тус улсад энэ сарын 20-22-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Ингэхдээ тусгаарлалтаасаа шууд ОХУ-ыг зорих бөгөөд ирмэгц дахин тусгаарлалтад орох аж. Сайдын айлчлалын бүрэлдэхүүнд албаны гурван төлөөлөл багтжээ.
Б.Лхам