УИХ-ын сонгуулийн "тоос" НИТХ-ын нэр дэвшигчдийг үргээсэн бололтой. Ийн хэлэхийн учир нь албан бус мэдээллээр нийслэлийн сонгуульд гурван бие даагч нэр дэвшжээ.
Уг нь УИХ-ын ээлжит сунгаанд хамгийн олон буюу 121 бие даагчид дэвшсэн. Энэ утгаар орон нутгийн сонгуульд ч бие даагчид олноор өрсөлдөж магадгүй гэсэн таамаг гарч байсан юм.
Энэ талаар СЕХ-оос тодруулахад "Орон нутгийнх нь тухайн шатны байгууллага зарлах хуультай байдаг. Нэр дэвшигчдийн талаар энэ сарын 30-нд албан ёсоор зарлана. Үүнээс өмнө СЕХ-оос тодорхой тоон мэдээлэл гаргана” гэв.
Энэ жилийн сонгуулийн нэг онцлог нь нэр дэвшигчид аймаг сум, дүүрэг нийслэлд давхар нэр дэвшиж өрсөлдөх боломжтой. Намуудаас МАН-аас хоёр шатны сонгуульд давхар нэр дэвшигч ээ зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин бусад намуудын хувьд одоогоор тодорхойгүй байна.
Орон нутгийн ээлжит сонгуулийг ирэх аравдугаар сарын 15-нд зохион явуулах тов гарсан. Нэр дэвшигчдийн сурталчилгааны өдөр энэ сарын 30-нд албан ёсоор эхэлнэ.
А.Сүх