УИХ-ын чуулганаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр өнгөрсөн жил албадан гаргасан 800 хятад иргэний асуудал сөхөгдөв. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Өнгөрсөн жил албадан гаргасан 800 хятад иргэний асуудал юу болсон бэ. Яагаад тэр хүмүүст гар утасны сим карт олноор нь олгосон, яагаад бөөнөөрөө орж ирэхэд нь хяналт тавиагүй талаар тодруулсан юм.
Энэ талаар ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг "Энэ хэргийн талаар мэдээлэл өгөхгүй бололцоогүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүхийн шатанд яваа.
Төрийн байгууллагуудад Монголд байгаа гадаадын иргэдийн нэгдсэн мэдээлэл байдаггүй учраас хяналт сул байгаа. 30-аас дээш хоногийн хугацаагаар байрших гадаадын иргэдийг бүртгүүлдэг. Гэвч бүртгүүлэхгүй байсан" гэв.
Харин ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Өнгөрсөн онд 800 хятад иргэнтэй холбоотой асуудлаар шалгалт хийсэн. Өнгөрсөн онд гадаадад байгаа 45 Дипломат төлөөлөгчийн газар 244 мянга 500 виз олгосноос 100 мянга орчмыг нь БНХАУ-ын Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газраас олгосон байдаг.
800 хятад иргэнтэй холбоотой асуудлыг нэг бүрчлэн шалгасан. Бизнес ангилал буюу Монголд уригч компанитай хятад иргэд байсан. Нэг дор бөөнөөрөө орж ирээгүй. Виз олголтоос нь харахад хоёр сарын турш цувж орж ирсэн байсан.
Уригч компанитай холбоотой мэдээллийг хуулийн байгууллагад өгсөн. 2019 оны аравдугаар сарын 2-нд Ерөнхий сайдын захирамжаар виз олголттой холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулсан. Энэ мөрөөр шалгахад бизнес ангиллын визэд зөрчил байсан. Үүний дагуу энэ оны хоёрдугаар сард Хөх хот, Эрээн дэх Консулын газруудад чиглэл өгсөн. 800 хятад иргэний визийг Хөх хот, Эрээн дэх Консулын газраас олгосон" гэдгийг онцоллоо.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)