МАН өнгөрсөн пүрэв гарагийн Удирдах зөвлөлийн хурлаараа дараагийн хотын даргаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг сонгосон. Энэ хүрээнд нөхөн сонгууль товлон зарлах асуудал яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатараас тодрууллаа.
-Иргэдээс төлөөлөл болж сонгогдсон гишүүн хотын дарга болохоор боллоо. Зарим гишүүдийн зүгээс иргэдийн сонголтыг үгүйсгэж байна хэмээн шүүмжлэлтэй хандаж байна. Энэ асуудал ямар хуулийн ямар процедураар явах вэ?
-УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хууль, УИХ-ын тухай хуулиар зохицуулагдах ёстой. УИХ-ын гишүүн үүрэгт ажлаасаа өөр ажил эрхлэхийг хориглодог. Тиймээс УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс чөлөөлөгдсөнийхөө дараа хуулийн хүрээнд хотын даргын албан тушаалыг хашиж болно. Улс төрийн шийдвэр учраас боломж нь өөрт нь нээлттэй байгаа. Хамгийн гол нь эхлээд гишүүнийхээ бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлт өгч, Их Хурлаар шийдвэрлүүлнэ. Хотын даргаар томилох асуудал нь хоёрдугаарт яригдана.
-Гишүүн бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүртэл хот даргагүй байна гэсэн үг үү?
-Хотын дарга албан үүргээ авах хүртэл үүрэг гүйцэтгэгч түр хугацаагаар ажиллана.
-Нөхөн сонгууль явуулахгүйгээр тус тойрогт иргэдийн саналаар дөрөвдүгээрт жагссан нэр дэвшигчийг нөхөн томилж болох уу. Ийм асуудал яригдаад байгаа?
-Боломжгүй. Пропорциональ систем биш томсгосон мажоритар тойрог учраас нөхөн сонгууль явагдана.
-Нөхөн сонгууль хэзээ болох бол?
-2021 оны тав, зургадугаар сараас нөхөн сонгууль болох байх гэж харж байна.
Б.Лхам