УИХ-ын өнөөдрийн чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр сөрөг хүчний гишүүдийн зүгээс Монгол Улсын гадаад өрийн хэмжээ хэрээс хэтэрч байгааг тэмдэглэж, хөрсөн дээрээ бууж ажиллахыг сануулсан юм.
Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын гадаад өрийн хэмжээ өнөөдрийн байдлаар 30.9 тэрбум ам.доллар. Үүнээс Засгийн газрын өр 7 орчим тэрбум ам.доллар хэмээн өмнө нь мэдээлж байсан билээ. Гишүүд Сангийн сайд зөрүүтэй мэдээлэл өгч олныг төөрөгдөлд оруулж байгаа учраас улсын гадаад өр болон эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хаалттай хуралдаж өрийн хэмжээний талаар нэг ойлголттой болъё хэмээн удаа дараа санал гаргасны дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хурал зарлахаар болсноо мэдэгдлээ.
Ингэснээр гишүүд удахгүй Монгол Улсын гадаад өр болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар хаалттай хуралдах нь.
А.Сүх