Баянхонгор, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгуудад өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул дээрх аймгуудаас 40 мянган тонн мах бэлтгэж, экспортлохоор УОК-оос шийдвэрлэжээ. Тодруулбал, дээрх зургаан аймгийн малчдын амьжиргааг дэмжиж, тогтвортой байлгах үүднээс Засгийн газраас дулааны аргаар боловсруулсан 40 мянган тонн махыг кг тутамд 4800-5200 мянган төгрөгөөр тооцон худалдан авч, экспортод гаргахаар төлөвлөөд байна. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар "Улсын хэмжээнд эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгцээт малын тоо толгойг гаргаж, худалдахаар зохицуулж буй” хэмээн мэдээллээ. ХХААҮЯ-наас экспортыг дэмжиж, онд орохооргүй, тарга тэвээрэг сайн аваагүй малын тоо толгойг гаргахаар ажиллаж буй бөгөөд манай улс энэ онд 57 мянган тоо толгой малыг экспортод гаргахаар төлөвлөөд байжээ. Харин өвөлжилтийн байдлыг харгалзан нэмж 40 мянган тонн бог малын мах бэлтгэхээр яамнаас төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар, 75 суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй гэсэн мэдээллийг холбогдох яамнаас өгч байна.