УИХ-ын өнөөдрийн чуулганаар ХЭҮК-ийн гишүүдийг томилох эсэх асуудлаар хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар Ж.Хунан, Б.Энхболд, Х.Мөнхзул, Г.Нарантуяа, Д.Сүнжид нарыг дэмжлээ.
ХЭҮК-ын гишүүдийг энэ удаа нээлттэй сонсгол явуулж, сонгон шалгаруулалтын зарчмаар сонгосноор онцлог юм.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Хүний эрхийн асуудал бол зөвхөн жам ёсны эрхийн асуудал биш. Олон улсын жишгээр замын стандарт гэхэд өндөр байдаг. Хүний амь нас эрсдэх, эд материал, эрүүл мэндээрээ хохирох нь барууны стандартаар хүний эрхийн эсрэг гэж үздэг. Энэ мэт барилга, замын стандарт гэхэд хүний эрхийг хангах зарчмыг тогтоох ёстой.
Хоёрдугаарт, хууль дээдэлж ажиллах ёстой. Үүнийг хатуу сануулъя. Хурууг нь бахиар хавчдаг, өндөр сандал дээр суулгадаг асуудалд эхнээсээ хариуцлага тооцож байна.
Өнөөдөр хариулж байгаагаас харахад Үндсэн хуульд заасан 18 эрхийг яг таг мэдэхгүй байна шүү. Анхаарч ажиллаарай” гэлээ.
А.Сүх