Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнгөрөгч арваннэгдүгээр сарын 30-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдсан ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ.
ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийг 2020 онд даргалж буй БНЭУ энэ жилийн ээлжит хуралдааныг КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулав. Тус хуралдааныг БНЭУ-ын Дэд ерөнхийлөгч М.Венкая Найду нээж үг хэлэв.
Хуралдаанд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэгч А.Э.Новиков, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын парламент дахь Гадаад харилцаа эрхэлсэн сайд Андлиб Аббас, ОХУ-ын Ерөнхий сайд М.В.Мишустин, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхий сайд Кохир Расулзада, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов нар оролцов. Мөн ШХАБ-ын ажиглагч орнуудаас Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын Тэргүүн дэд ерөнхийлөгч Амрулла Салех, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд Р.А.Головченко, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Тэргүүн дэд ерөнхийлөгч Джахангири Эсхак, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар нар оролцож үг хэлэв. Тус хуралдааны тусгай зочноор Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов оролцов.
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар КОВИД-19 дэлхий дахинд аюул учруулж буй энэ үед цар тахлын хор уршгийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл солилцож, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, мөн буурай хөгжилтэй орнуудад тусламжийн гараа сунгаж, цар тахлын хүнд үеийг даван туулахад туслалцаа үзүүлэх шаардлага дэлхийн улс орнуудын өмнө тулгарч байгааг онцлон тэмдэглэв.