УИХ-ын ээлжит чуулганаар Монгол Улсын Засаг захирга, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудын эхний хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр үг хэлж, асуулт асуусныг онцлон хүргэе.
Л.Мөнхбаатар: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль бол гол хуулиудын нэг. Анх Д.Тогтохсүрэн нарын найман гишүүн өргөн мэдүүлсэн. Ингэхдээ 81 зүйлтэй өргөн мэдүүлсэн бол одоо 73 зарчмын зөрүүтэй санал болчихсон байна.
Анх өргөн барьсан хуулийн төсөл дэвшилттэй, олон зоримог санал дэвшүүлсэн байсан. Гэтэл одоо өөрчлөн найруулсан болон бусад зүйл дээр ч ухралт хийсэн асуудал ажиглагдаж байна.
Хуулийн төслийг анх өргөн барьснаас нь танигдахын аргагүй өөрчилжээ. Д.Тогтохсүрэн гишүүн хуулийн төслөө өөрөө таньж байгаа юм болов уу.
Хоёрдугаарт, хуулийн гол амин сүнс нь Монгол Улс төрийн байгуулатын хувьд нэгдмэл байна гэсэн Үндсэн хуулийн зүйл заалтыг шингээсэн хууль байх ёстой. Гэтэл 80 дугаар зүйлд нутгийн өөрийн удирдлагын байгууллага төр засагтайгаа хэлэлцээр хийнэ гэсэн ззүйл байна. Холбооны улс биш шүү дээ. Энэ зүйл заалт ноцтой зүйлд хүргэнэ.
Түүнчлэн аймаг, сум, дүүрэг тус бүр өөрсдөө бие дааж асуудлаа шийдвэрлэх нь гол зүйл. Үүнийг яаж амилуулав гэдэгт хуулийн амин сүнс явж байх ёстой. Үүн дээр холбогдох өөрчлөлтүүдийг хийх ёстой. Нэр томъёоны болон зарчмын шинжтэй олон асуудал байна.
Б.Лхам