УИХ-ын ээлжит чуулганаар Ерөнхийлөөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд үг хэлж, асуулт асуусныг хүргэе.
Т.Доржханд: Сонгуулийн зардлыг бууруулахын тулд олон арга хэмжээ авч явсан юм байна лээ. Зарим заалтууд нь байхгүй болчихсон байна. Тухайлбал, сонгуулийн ил тод байдлыг хангах 52.4 дэх заалт хааччихав. Хоёрдугаарт, сонгуулийг яах аргагүй зардал өндөртиэй болгодог зүйл нь ухуулагч нар. 800 сая гэж оруулж ирснийг нь АН 200 гэсэн байна. Ер нь ухуулагч нарын тоог хязгаарлахгүйгээр бага түвшинд байх зохицуулалтыг нь хийх хэрэгтэй.
Ингэхдээ мэдээллийн технологийг ашиглаад туршилт хийчихмээр санагдаад байна. Блокчайн гээд гараад ирчихлээ. Ардчилсан парламенттай маш олон улсууд блокчайныг ашиглаж байна. Утсаараа л саналаа өгчихнө. Ямар ч зардалгүй.
Мөн шинэ Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно гээд заасан. Тиймээс өмнө нь байсан Ерөнхийлөгчид болон одоо байгаа Ерөнхийлөгч сонгогдох ёсгүй гэсэн ойлголттой байгаа. Энэ талаар хуульдаа тодруулж өгөөч ээ. Үндсэн хуульдаа маш тодорхой заачихаад яагаад тойруулаад байгаа юм.
Л.Энх-Амгалан: Сонгуулийн зардлын тайланг гаргадаг заалт 52 дугаар зүйлд тэр чигтээ байгаа. Хоёрдугаарт, сонгууль их зардалтай болж байгаа гэдэгт тантай санал нэг байгаа. Цаашид сонгуульд нэр дэвшиж байгаа намууд, нэр дэвшигчид өөрсдөөсөө их мөнгө гаргадаг хэлбэрээс татгалзмаар байгаа юм.
Б.Лхам