Энэ сарын 21-ний өдөр Далайд гарцгүй хөгжиж буй орнууд /ДГХБО/-ын Олон улсын судалгааны төв /ОУСТ/-ийн Захирагчдын зөвлөл цахим хэлбэрээр хуралдав.
Хуралд ДГХБО-ын ОУСТ-ийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрт нэгдэн орсон Армян, Азербайжан, Афганистан, Бутан, Казахстан, Киргиз, Лаос, Монгол, Непал, Нигер, Парагвай, Тажикистан, Этиоп Улсын төлөөлөгчид оролцож, 2019 оны санхүүгийн тайлан, хөдөлмөрийн дотоод журам, ирэх жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүүжилт зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргасан байна.
Захирагчдын зөвлөлийн дарга, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин хурлыг нээж хэлсэн үгэндээ КОВИД-19 цар тахлын үед тулгарч буй сорилтыг даван туулах, цар тахлын нөлөөллийг багасгах чиглэлээр хамтран ажиллах хүрээнд далайд гарцгүй орнууд ОУСТ-ийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжих шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн байна.