Ардчилсан намынхан ардчилсан хувьсгал ялснаас хойшхи 20 жилийн хугацаанд хоёр дахь удаагаа олонхийн байр сууринд очлоо. Өмнөх жилүүдэд байнга “цөөнхийн зовлон” гэгчийг ярьж байсан тэдний дууны өнгө өнөөдөр огт өөр болсон билээ. Харин өмнөө бараг л “эрх баригч” гэсэн тодотголтой болж, Засгийн газрыг удирдаж байсан МАН-ынхан бүлгээ ч байгуулж чадахгүй уйлан дуугарсаар байна. Цөөнхийн зовлон энэ. Тэд Үндсэн хууль зөрчиж байна гэж олон дахин ярьсаар байгаа ч АН-ынхан нүд нь балай, чих нь дүлий юм шиг сууцгааж байна. Уг нь УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганаар МАН-ын бүлгийг байгуулах боломжтой гэж байсан. Гэтэл хоёр гишүүн хуулийн төсөл боловсруулаад ирэхэд “хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй” гэсэн шалтгаанаар үндсэн чуулганаар хэлэлцье гэв. МАН-ынхан ч хий дэмий гомдолсоор. Харин өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлгийн хурал дээр нэгэн сонирхолтой яриа өрнөжээ. Тэд ямар нэгэн арга саам хэрэглэж байгаад МАН-ын бүлгийг байгуулахгүй байх нь бидэнд ашигтай, “тэнгэрийн хишиг” гэж ярилцжээ. МАН-гүйгээр асуудлаа шийдээд явах нь тэдэнд ашигтай тул аль болох удаан хугацаагаар МАН-ын гишүүдийг бүлэггүй байлгая гэж санал нэгдсэн байна. Ингэхдээ бүлэггүй байгаа нь МАН-ын тэр дарга, энэ гишүүнээс болсон гэх зэргээр чулуу хөөлгөж, дарга нарынх дунд зөрчил үүсгэх тухай ч яриад амжсан гэж эх сурвалж хэлэв.
Гэхдээ ингэхийн тулд тэдэнд бас зарим нэг саад бий. ИЗНН-ын гишүүд МАН-ын бүлэг байгуулах ёстой гэж үзэж байгаа. Тиймээс МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг ч бас дуугүй суулгах хэрэгтэй гэж төлөвлөгөө зохиохоор болсон гэв. “Шударга ёс” эвслийнхэн нэгдүгээрт, Н.Энхбаярыг шоронгоос гаргаж авна гэж баахан шуугиан тарих магадлалтай. Хоёрдугаарт, МАН-ын бүлэг байгуулахыг дэмжих магадлалтай. Тиймээс эхний ээлжинд “Шударга ёс” эвслийнхнийг албан тушаалаар нь тушиж, “томоотой” байлгая гэсэн санааг энэ хурал дээр сийрэг толгойтой нэг нь гаргажээ.
Хэдийгээр бүлгийн хурал дээр энэ яриа хэсэг хүрээнд өрнөсөн ч МАН-ынхны чихэнд аль хэдийн хүрчээ. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдгийг мэдэрч “цөөнхийн зовлон”-г үзэж байгаа МАН-ынхан энэ яриаг сонссон ч юу ч хийж чадахгүй сууна. Тиймээс МАН-ын бүлэггүй гишүүд нэг хэсэгтээ л чуулган дээр хуруу хумсаа оролдож, Ipad сонирхсон шиг ээ суух эсвэл З.Энхболд даргаас хий дэмий бүлгээ нэхэж “хэрүүлч” гэж цоллуулах болж байна.
Т.Гэрэл



















































