Манай улс хагас
сард 170 гаруй саяын экспорт хийжээ
Манай улсын
экспортын орлого долоодугаар сараас эрс буурч эхэлсэн билээ. Энэ бууралт энэ
сард ч үргэлжилсээр байна. Тодруулбал, энэ сарын 15-ны байдлаар 175 сая
ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн сартай харьцуулахад 50 орчим сая
ам.доллараар буурсан үзүүлэлт аж. Ингэснээр манай улсын гадаад худалдааны нийт
бараа эргэлт энэ сарын 15-ны байдлаар 7993.2 сая ам.доллар хүрснээс экспорт 3046.6
сая ам.доллар, импорт 4946.6 сая ам.доллар байна. Өнгөрсөн онтой харьцуулахад
гадаад худалдааны бараа эргэлт 386.1 сая ам.доллар буюу 5.1 хувиар өссөн хэдий
ч уг өсөлт импортод давамгайлж байна. Тодруулбал, импорт 412.1 сая ам.доллар
буюу 9.1 хувиар өссөн бол экспорт 26 сая ам.доллар буюу 0.8 хувиар буурчээ.
Дашрамд дурьдахад, нийт экспортод нүүрс 43.7 хувь,
зэсийн баяжмал 19.6 хувь, төмрийн хүдэр 12.2 хувь, боловсруулаагүй газрын тос 7.2 хувь,
цайрын хүдэр, баяжмал 2.6 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.3 хувь, боловсруулаагүй
буюу хагас боловсруулсан алт 2 хувь, молибдений хүдэр ба баяжмал 0.9 хувь, үлдсэн 9.5 хувийг
экспортын бусад бүтээгдэхүүн тус тус эзэлж байна.