
Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг Хэрэгжүүлэх хорооны Улс төрийн эрхийн ажлын хэсгийн төлөвлөгөөнд хуульчдад зориулсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх зүйн сэдэвт кредиттэй цуврал сургалтыг зохион байгуулахаар тусгагдсан юм.
Цуврал сургалтын эхний сургалтыг “Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь” төслийн хүрээнд хийгдэж байна. Шударга ёс, ардчиллыг хөхиүлэн дэмжихийн тулд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудлаарх хуульчдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулахад төслийн зорилго оршино. Уг төслийн хүрээнд 2012 оны 6 дугаар сард өмгөөлөгчдөд зориулсан сургалтыг хэвлэл мэдээллийн чиглэлээр мэргэшсэн АНУ-ын хуульч, профессор Сигурд Соренсон удирдан явуулсан билээ.
Энэ удаагийн шүүгчдэд зориулсан кредит олгох сургалтыг АНУ-ын хуульч Даниэл Байрон удирдан явуулах ба дүүрэг, нийслэл болон Улсын дээд шүүхээс нийт 20 гаруй шүүгчид, бусад хууль зүйн багш, хуульчид оролцоно.
Шүүгчдэд зориулсан уг сургалтад Монголын хэвлэл мэдээллийн эрх зүйн өнөөгийн байдал, АНУ-ын хууль, Европын хүний эрхийн шүүх, НҮБ-ын хэм хэмжээ, АНУ болон Монголын Сэтгүүлзүйн салбарт тулгамдаж буй асуудал хийгээд сэтгүүлчийн үйл ажиллагаан дахь эрх зүйн зохицуулалт зэрэг сэдвийг хамрах ажээ.
Б.Золбоо