Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал өнгөрсөн долоо хоногт яригдаж эхэлсэн. Зарим гишүүд Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурж эхэлсэн бөгөөд одоогоор УИХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүн, мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Т.Доржханд болон МАН-ын бүлгийн дөрвөн гишүүн гарын үсэг зураад буй гэх мэдээлэл байна.
Түүнийг огцруулах болсон шалтгааныг гишүүд ийн тайлбарлажээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрийн цахим хуудастаа коронавирусэнд ялагдаж, монголчуудыг туйлдуулсныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой гэжээ.
Мөн Замын-Үүдэд ачааны үнэ тэнгэрт хадсан, Эрээний боомт дээр иргэдийн таваар бөөгнөрч улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн зэрэг асуудлыг дурдаж байгаа аж.
Түүнчлэн дээр дурдсанчлан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал МАН дотор хүчээ авч байгаа бололтой. Нам дотроо түүнийг огцруулахаар улайрч байгаа эрхмийг УИХ-ын гишүүн асан Сү.Батболд гэх. Түүнийг Ерөнхий сайдыг огцруулж Оюутолгойн булхай луйвраа нуун далдлах гэж зүтгэж байгаа талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар бичсэн байна лээ.
Тэгвэл Ерөнхий сайдыг огцруулах талаар хуульд хэрхэн тусгасан байдаг вэ.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21.2.Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолыг баталсан тохиолдолд Ерөнхий сайд огцорно.
21.3.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.
Үндсэн хуулийн 43.1.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах бичигт УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурснаар уг асуудлыг чуулганаар хэлэлцэх бөгөөд хуралдаанд орлцсон гишүүдийн олонх нь дэмжвэл огцруулах юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (9)